Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэхэд хамтран ажиллана
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Унгар улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч Борбала Обрусанскийг /2020.07.31/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, ерөнхий боловсрол, нэн ялангуяа тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх, мэргэшүүлэх богино хугацааны сургалтад хамруулахад Унгарын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн шинжлэх ухаан, технологийн салбарт эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын холбооноос зарладаг эрдэм шинжилгээ, судалгааны төсөлд хамтран оролцох бололцоог бодлогын хувьд харилцан дэмжих санал илэрхийлэв.
Хатагтай Борбала Обрусанский, Монгол Улсад аль нэг их, дээд сургуулийг түшиглэн унгар хэлний факультет нээх хүсэлтээ уламжлав. Мөн БНУУ-ын оюутан залуус Монгол Улсын түүх, нүүдлийн соёлыг ихэд сонирхдог. Тиймээс Унгарын оюутнуудыг богино хугацааны сургалтаар Монгол Улсад суралцуулах боломжийн талаар санал хүсэлтээ хэллээ.