БНХАУ 600 сая юанийн буцалтгүй тусламж олгоно
Монгол улсын хилийн боомтуудын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд гарын үсэг зурлаа
Монгол улсын хилийн боомтуудын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй нар өнөөдөр (2020.07.31) гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Яан Чиндун, Сун Сюежүн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Дээрх төсөл нь манай улсын хилийн боомтуудын хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулах, цаг үеэ олсон тусламж болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлов. Тэрээр, төслийн үр дүнд хилээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах боломжтой болж, хил, гааль дээр гарч буй хууль бус үйлдлийг илрүүлж таслан зогсоох юм. Улмаар хоёр орны хоорон дахь худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, манай улсын гадаад худалдааны эргэлтийг түргэтгэх, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг тэмдэглэв. Хяналт, шалгалтын тоног төхөөөрмж нийлүүлснээр хил, гаалийн үйл ажиллагаа сайжирч гадаад худалдаа хөгжих таатай боломж бүрдэнэ гэдгийг Сангийн сайд илэрхийлж, энэ нь БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй томоохон дэвшил боломж гэдгийг онцлов