Гадаад харилцааБоловсролОнцлохШинэ мэдээ

“Stipendium Hungaricum” тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгөв

Монгол улс дахь Унгар Улсын Элчин сайдын Яамнаас тус улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрттэтгэлэгт тэнцсэн оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилго бүхий арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Элчин сайдын яамны дэд тэргүүн, Элчин сайдын үүргийг хамаарагч Обрушанский Борбала, Гадаадын эдийн засгийн атташе Аттила Чукзай, консул Кишне Кедьеш Чилла нар болон Монгол улсын БШУЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Гарди, Унгар улсын өргөмжит консул Ч.Гантулга нар урилгаар оролцов.

Энэ үеэр шинээр элсэгчдэд виз авахын тулд ямар ямар материал бүрдүүлэх, Унгарт очоод дасан зохицох, тэнд суралцах хугацаандаа ямар зарчмыг баримталбал зохих, Унгарын улсын тухай, хамгийн чухал нэр томъёо зэрэг нэлээд өргөн хүрээний мэдээллийг танилцууллаа. Энэхүү үйл ажиллагааг Элчин сайдын яамнаас гадна Унгарт суралцаж, төгссөн залуусын холбоо хамтран зохион байгуулж, шинээр элсэгчдэд мэдээлэл өглөө.

1957 онд хоёр орон боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан ба энэ жил Унгар, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жил тохиож буй. Хамтын ажиллагааны хүрээнд олон зуун монгол оюутан тус улсад суралцаж, Унгарын хэл соёлтой танилцсан ба төгсөгчдийн олонх нь Монгол улсын төр, соёл, эрдэм шинжилгээний болон бизнесийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

1990 оны Монгол улс дахь нийгмийн өөрчлөлтөөс хойш Унгар улс Монгол улстай олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд боловсролын салбарт онцгойлон анхаарч байна. Тухайн үед Монгол улсаас жил бүр 15 оюутныг Унгар улсад сургаж байсан бол 2013 онд Унгарын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улс нэгдсэн юм. Энэ хүрэээнд тэтгэлэгт хамрагдах оюутныг тоог 2015 онд 100, 2016 онд 200 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Унгарын Засгийн газраас гаргаж, жил бүр 200 монгол оюутан Унгар улсыг зорьж, боловсролын бүх түвшинд тэтгэлэгтэй суралцаж байна.

Stipendium Hungaricum тэтгэлэгт хөтөлбөрт Унгарын бараг бүх их, дээд сургууль хамрагддаг бөгөөд Монгол оюутнуудын хувьд Будапештийн Корвинусын их сургууль, Дебрецений их сургууль, Будапештийн Технологи, эдийн засгийн их сургууль, Этвёс Лорандын их сургууль, Печийн их сургууль, Сегедийн их сургуульд голчлон суралцдаг. Эдгээр нь Унгарын хамгийн том их сургуулийн кампус юм.

Монгол улсын боловсролын салбарт танигдсан энэхүү хөтөлбөрт энэ жил 761 оюутан тэтгэлэгт хамрагдах суралцах хүсэлт гаргасанаас 200 оюутан нь Будапештийн болон бусад 18 их, дээд сургуульд суралцахаар боллоо. Тэтгэлэгт хөтөлбөрийн гадаад бодлого, эдийн засгийн зорилго нь оюутнууд цаашид Унгар улстай хамтын ажиллагаа бүхий хувийн болон мэргэжлийн холбоо, байгууллагуудыг бий болгох мөн Унгарын өвөрмөц онцлог, соёлыг өөрийн орны ард иргэддээ таниулан хоёр орны холбоо харилцааг бүхий л түвшинд өргөжүүлэхэд оршиж байгааг энэ үеэр онцолж байлаа.

Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд одоо Унгар явах бэлтгэлээ хангаж “COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдлыг хүлээж байгаа аж. Хөтөлбөрийн талаар бид Унгар улсаас манай улсад суугаа Элчин сайдын хэргийг хамаарагч, хатагтай Обрушанский Борбалагаас тодруулав. 

-Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд танай улсад ямар чиглэлээр суралцах вэ. Оюутнуудад хэдэн жилийн тэтгэлэг өгч байна вэ?

-Анагаах ухаан, архитектур, инженер гээд олон чиглэлээр, янз бүрийн мэргэжилээр суралцана. Бакалаврын зэргээр сурах бол 2-3 жил байж болно. Анагаах ухаан, архитектур, инженерийн чиглэлээр сурахад 4-5 жил сурах учраас тэр хугацаагаараа тэтгэлэг авна. Тэтгэлэгт хөтөлбөр бакалавар, магистр, доктрант гээд аль ч шатны, бүх түвшний оюутнууд хамрагдах боломжтой. 

-Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад ямар шаардлага тавьж байна вэ. Цаашид хамрагдах оюутнууд юунд анхаарах вэ?

-ЕБС төгссөн байх, motivation захидал бичих, гадаад хэлний шалгалтын гэрчилгээ зэрэг материалыг бүрдүүлнэ. Нарийн мэдээллийг Stipendiumhungaricum.hu хуудаснаас харж авах боломжтой. Энэ сайт дээр англи хэл дээр бүх мэдээлэл байгаа. Үүнийг нарийн уншиж судлаад бүх баримт бичгээ бүрдүүлэн хугацаандаа өргөдөл гаргах нь чухал.

Өргөдөл, хүсэлтийг тухайн оны нэгдүгээр сарын 15 хүртэл хүлээн авдаг. Хэрэв англи хэлээр сургалтаа авах бол заавал англи хэлний өндөр түвшний шалгалтын оноотой байх ёстой. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Унгарт очоод нэг жил унгар хэл сурсны дараа их сургуульдаа суралцана. 

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close