Б.Ирмүүн: Жинхэнэ баатар бол Цагдаа нар
Кинон дээр гардаг баатрууд шиг нисэж чадахгүй ч, бодит амьдрал дээр хүмүүсийг авардаг ЖИНХЭНЭ БААТАР БОЛ ЦАГДАА нар гэсээр бяцхан хөвгүүд яриагаа эхлүүллээ. 12 настай хүү “Цагдаа ахаа баярлалаа” дууныхаа үг, аяыг өөрөө бичээд, клипээ алганд багтах гар утсаараа хийсэн гэдгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэд цаг наргүй албандаа зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийг чин зүрхнээсээ ойлгож, үг бүртээ шингээсэн байна. Тиймээс өнөөдрийн ярилцлагаараа уран бүтээлч, шинэ цагийн техник, технологийг гаргууд эзэмшсэн Б.Ирмүүн, Б.Билгүүн дүү нартайгаа уулзаж, дууных нь тухай ярилцлаа.
Аюулаас өдөр болгон хамгаалж байгаад баярлалаа.
Яагаад “Цагдаа ахаа баярлалаа” гэдэг дуу хийе гэж бодсон бэ?
Б.Ирмүүн: Манай хамаатнууд дунд цагдаа ах нар олон байдаг бас удахгүй “Цагдаагийн баяр” болох гэж байсан болохоор энэ дууг хийхээр шийдсэн. Бид Цагдаа ахдаа яагаад баярлах ёстойгоо, мөн тэд яг юу хийдэг талаар дуундаа оруулсан. Жишээ нь: Муу хүмүүсээр муу зүйл хийлгэдэггүй, бидэнд тусалдаг, аюулаас өдөр бүр хамгаалдаг, цэнхэр хувцастай, гялтгар цамцтай, хар машинтай цагдаа ах “Монгол улсын төлөө зүтгэе” гэж хэлээд л Монголын нэг өдрийг авраарай гэж англиар дуундаа оруулсан. Энэ үгийг Урангоо найз маань надад хэлж өгч, тусалсан.
Том хүний оролцоогүй бид нар бүх зүйлээ өөрсдөө сэтгэж хийхийг хүсдэг.
Дууны үг, аяыг үнэхээр миний дүү бичсэн үү? Клипээ яаж хийдэг вэ?
Б.Ирмүүн: Тиймээ, би бүгдийг нь бичсэн. Клипээ ч бас өөрөө хийсэн. Харин дууг нь манай дүү Б.Билгүүн болон найзууд нь дуулсан. Клипээ IPhone утсан дээрээ, дуугаа Garage, эвлүүлгээ Imovie гээд апликейшн дээр хийдэг. Том хүний оролцоогүй бид нар бүх зүйлээ өөрсдөө сэтгэж хийхийг хүсдэг.
Энэ хэд дэх дуу нь вэ? Яагаад дуу хийж эхлэв?
Б.Билгүүн: Яаж клип хийж сурсныг хэлэх үү. Бид нар машиндаа явж байгаад дуучин Энжигийн “Boom Boom” дууны клипыг үзээд, тэрний дараа шууд клип хийхээр шийдсэн. /Агаа нь дүүгээ нудран инээв/
Б.Ирмүүн: Тиймээ, Энэ миний хийсэн 3 дахь дуу. Хамгийн анх Бөмбүүлэйд /дүү Б.Билгүүн/ зориулаад “Oh ah” гэдэг дуу хийж байсан. Дараа нь “Summer fun” гээд дуунууддаа бүгдэнд нь клип хийсэн.TGF-тэй хамтраад хамгийн сүүлд “Цагдаа ахаа баярлалаа” гэдэг дуу хийсэн.
TGF гэж юу билээ?
Б.Ирмүүн: Энэ манай хамтлаг. Цэцээ гүн хотхоны найзууд гэсэн утгатай.
Танай хамтлаг хэдэн гишүүнтэй вэ?
Б.Ирмүүн: “Tsetsee Gun Friends” гэсэн хамтлагт Мандухай, Урангоо, Хүлэг, Билгүүн нар байдаг. Гэхдээ “Цагдаа ахаа баярлалаа” дуун дээр Наранбаатар, Сийлэнгоо гэх дүү нар маань хамтарсан. Манай хамтлаг 6 сард байгуулагдсан. Үүнээс өмнө өөр хамтлагийн дуун дээр Cover хийдэг байсан.
Утсаар клип хийхэд хэцүү юу, хэр удаан хийсэн бэ?
Б.Ирмүүн: Амархан, клипээ 1 сарын дотор утсаараа хийсэн. Найзууд маань клип хийгдэж байх үед зарим нь лагерлуугаа явах байсан ч аав ээжээсээ гуйгаад үлдсэн. Бидэнд студи гэж байхгүй. Тийм болохоор дуугаа заримдаа манай гэрт, эсвэл гадаа бүр орцонд хүртэл дуулаад утсан дээрээ хураасан. Мөн манай хамтлаг Youtube дээр “IBT Entertainment” гэсэн сувагтай болсон.
Найзын маань дугуйг цагдаа ах олж өгсөн.
Цагдаа ах бусдад тусладаг гэсэн үг дуунд нь байсан. Миний дүү тусалж байхыг нь харж байсан уу?
Б.Ирмүүн: Тиймээ интернетээр цагдаа ах нэг хүнд машин түрэхэд нь тусалж байсныг харсан. Бас хүмүүс юмаа хулгайд алдах үед олж өгөх гэж дандаа тусладаг. Нэг удаа манай найзын дугуй нь хулгайд алдагдчихсан.
Б.Билгүүн: Сая клипэнд тоглож байсан улаан цамцтай хүүхэд шүү дээ /сандлаасаа босож байгаад хэлэв/
Б.Ирмүүн: Тиймээ. Бид хамтлагаараа ямар дуу хийх вэ гээд найзуудтайгаа ярьж байх үед дугуйгаа хулгайд алдсан найз маань “Цагдаа ахаа баярлалаа” гэдэг дууг дэмжсэн. Яагаад гэвэл найзын маань дугуйг Цагдаа ах олж өгсөн юм. Түүнд нь манай найз маш их баярлаж байв.
Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
Б.Билгүүн: Би өмнө нь Илбэчин болно гэж мөрөөддөг байсан, одоо цагдаа болохыг хүсэж байгаа. Яагаад гэвэл цагдаа дандаа хүнд тусалдаг БААТАР. Клипэн дээр өвөөгөө хөтлөөд зам гаргаж өгдөг хэсгээ үзэх би дуртай. Сайн цагдаа болохыг хүсвэл сайн хүүхэд байгаарай гэсэн.
Б.Ирмүүн: Харин би продюсер болохыг хүсдэг.
“Цагдаа” чамд юу шиг санагддаг вэ гэж асуухад “Супер баатар” шиг гэсэн.
Цагдаа нар юу хийдэг гэж бодож байна вэ?
Б.Ирмүүн: Манай цагдаа ах нар дандаа завгүй байдаг. Өглөө яваад орой ирдэг хэрнээ гэртээ ирэхдээ зөв зүгээр, баяртай байдаг. Миний бодлоор ажил дээрээ дандаа хүмүүст туслаад, харин гэртээ ирээд хүүхдүүдээ хараад жаргалтай болдог байх. Харин хүүхдүүд нь цагдаа аавтай байх гоё гэж байсан. Би Билгүүн дүүгээсээ “Цагдаа” чамд юу шиг санагддаг вэ гэж асуухад “Супер Баатар” шиг гэж хэлсэн болохоор би энэ үгийг дуундаа оруулсан. Дүү маань цагдаа ах нарыг яг “Captain America” гэж боддог.
Цагдаагийн машин дуугарах үед “хүнд туслах гэж явж байна даа” гэж боддог
Цагдаагийн машин гэрлээ асаагаад явж байх үед юу гэж боддог вэ?
Б.Ирмүүн: Хүмүүст тусламж хэрэгтэй болсон бүх газар цагдаа очиж тусалдаг. Хөдөө байсан ч гэсэн цагдаа хүрээд л ирдэг.Өдөр, шөнө бүх үед цагдаа нар ажлаа хийдэг шүү дээ. Тийм болохоор цагдаагийн машин дуугарах үед “Хүнд туслах гэж явж байна даа” гэж боддог.