ЯрилцлагаОнцлохУрлаг спортШинэ мэдээ

Л.Гаваасүрэн: Урлаг бол хүнийг хүн болгоход нөлөөлдөг, нийгмийн ухамсарын хэлбэр

Улсын хэмжээнд короновирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосон энэ цаг  үед Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүлд” чуулгын уран бүтээлчид  уран бүтээлийн хувьд ямар шинэ бүтээлүүд туурвиж байгаа талаар тус чуулгын дарга, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнтэй уулзаж ярилцлаа.

“Сүлд” чуулга IPTB  сувгуудаар шинэ уран бүтээлүүдээ толилуулж байгаа. Одоогоор ямар ямар уран бүтээлээ олон нийтэд хүргээд байна вэ?

Манай уран бүтээлчид цагдаа мөрдэстэй уран бүтээлчдийн хувьд байнгын бэлэн байдалд ажиллаж хорио цээрийн дэглэмээ сахихын зэрэгцээ урын сангаа арвижуулж, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн цахим тоглолт зохион байгуулж байна. Үүний үр дүнд манай чуулгын хамт олон  6-7 тоглолт бэлэн болголоо. Ялалтын баярын 75 жилийн ойд зориулаад  2020 оны 05 дугаар сарын 09 ний өдөр орос уран бүтээлийн тоглолтоо хийсэн гэдгийг та бүхэн мэднэ. Хоёр дахь тоглолт маань манай “Сүлд” чуулгын дуучдын нийтийн дууны тоглолт байлаа.

Энэ тоглолт бас Юнивишнээр цацагдсан. Удаах нь бид амьд хөгжмийн хамтлагийн тоглолтын бэлтгэлийг хангаж дуусгаад байгаа. Энэ тоглолт манай залуусын хувьд их өвөрмөц хөтөлбөртэй тоглолт болсон. Цөөхөн бүрэлдэхүүнтэй боловч манай залуус хөрвөх чадвар сайтай. Мэргэжлийн хөгжимчинөөс гадна дуулна, бүжиглэнэ гээд олон талын авьяастай ур чадвартай  залуусаас бүрдсэн чуулга. Энэ тоглолтоо бид “Хүн” театртаас дамжуулна.

Дараагийн уран бүтээлүүдээ хэрхэн төлөвлөж байна вэ?

Манайх ардын этник “Монгол онгод” хамтлагийнхаа шинэ тоглолтыг бэлтгэж байна. 2017 онд “Авьяаслаг монголчууд” шоу тоглолтод шилдэг 32 т багтсан гэдгээр нь та бүхэн андахгүй сайн мэднэ.  Мөн дуучдын сонгодог тоглолтыг удахгүй тоглоно. Манай чуулгаас төрөн гарч, одоо дэлхийн хэмжээний дуучин болсон МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар Англид хоёр романс дуулахад  шүүгчид уйлж байхыг та бид нар харсан. Монгол дуу ертөнц дахинд түгэхэд тун ч ойрхон байгааг бид үүнээс харж болно.

Тиймээс дэлхийн сонгодгуудыг дуулахын зэрэгцээ өөрсдийн монгол дуунуудыг мэргэжлийн дуучдаар дуулуулж байна. Энэ тоглолтод манай зургаан дуучин бэлтгэж байна.  Хамтарсан бүжигчдийн тайлан тоглолт бэлэн боллоо. Ингээд чуулгын шилмэл үзүүлбэрүүдийг нэгтгэсэн нэгдсэн том тоглолт бас тавигдах болно. Энэ оны гуравдугаар сард С.Маршакийн “Муурын байшин” хүүхдийн бүжгэн жүжгийг толилуулахаар бэлтгэж байсан боловч Корона вирусын дэглэмээс болж хойшлогдоод байгаа.

Мөн 11 дүгээр сард дэлхийн хүүхдийн сонгодог “Хансель Греталь хоёр” дуурийг бас тавихаар бэлтэж байна. Энэ бүх уран бүтээлээ Хууль зүйн алба байгуулагдсаны 110 жилийн ой, Монголын цагдаагийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан уран бүтээлийн томоохон бэлэг байх болно.

Цагдаагийн чуулгын 85 жилийн ой бас  ирэх жил болно. Энэ хүрээнд бэлтгэл ажлууд хэрхэн хийгдэж байна вэ?

Манай чуулга 1936 онд тэр үеийн Дотоод явдлын яамны сайд  байсан Чойбалсангийн тушаалаар байгуулагдсан түүхтэй. Ирэх жил 85 жилийн ойгоо хийнэ. Манай чуулга түүхэндээ ойгоо тэмдэглэж байгаагүй. Тиймээс энэ ойгоо бид ёслол төгөлдөр сайхан тэмдэглэнэ гэж төлөвлөн, хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн олон сайхан бүтээлүүдээ өргөн барина гэж бодож байгаа. Манай залуучууд уран бүтээлийн хувьд жилээс жилд өсөж байна.

Манай МУГЖ Ариунбаатар ямар сайхан амжилтад хүрсэнийг уншигчид мэдэж байгаа.  Гоцлол дуучин Ц.Амарболд  БНХАУ-ын Нингбогийн мэргэжлийн дуулаачдын уралдаанд түрүүлж, 7 удаагийн уралдаанд анх удаа түрүүлсэн гадаадын дуучин болсон. Манай гоцлол дуучин  Н.Бямба-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд” шоу уралдаанд амжилттай оролцсон мөн гоцлол дуучин Г.Дарханбаатар  гадаад, дотоодын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон гээд залуучууд маань хичээж байна. Манай чуулгаас үе үеийн  чадварлаг уран бүтээлчид төрөн гарсан. Одоо ч амжилттай байна. Цаашдаа ч олон сайхан уран бүтээлчид төрөн гарна гэдэгт итгэл төгс байна.

“Сүлд” чуулгын бүжигчид уран бүтээлийн хувьд ямар шинэ бүтээлүүдээ бэлтгэж байна?

Манай бүжигчид  Mонгол ТВ-ээс зохион байгуулсан “VOICE MONGOLIA” тэмцээний дуучдын ард манай бүжиглэж, монголчууддаа бүжиг гэдэг ямар чухал урлаг болох талаас харуулж чадсанаар маш их бахархаж байна. Манай бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар бүх бүжгүүдийг дэглэсэн юм. Бүжиг дэглээч Ё.Дамчаасүрэн  өнгөрсөн жил мэргэжил дээшлүүлж  Солонгост таван сарын сургалтад хамрагдсан. Сургалтад хамрагдаж  байхдаа л олон улсын хоёр ч уралдаанд түрүүлээд ирсэн.

Манай бүжигчид өнгөрсөн жил ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн ардын урлагийн наадмын Азийн бүсийн уралдаанд тэргүүн байранд шалгарсан. Энэ бол том амжилт. Овооны наадам үлдээдэггүй бөх гэдэг шиг боломжтой бүх уралдаанд манай  залуучууд урамтай сайхан оролцож байна даа. Энэ нь бүжигчдийн ур чадварын өсөлтөд их чухал эерэг ач холбогдолтой байдаг юм.

 “Сүлд” чуулгаас  цагдаагийн алба хаагч нартаа чиглэсэн, үүгээрээ дамжуулж иргэддээ хандсан  “Үргэлж тантай хамтдаа” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Энэ хөл хорио тавигдахаар  үргэлжилүүлэх үү ?

Манай чуулга цагдаагийн байгууллагынхаа соён гэгээрүүлэх чиг үүргийг хангах чиглэлээр  үүргээ гүйцэтгэж байна. Чиг үүрэг нь өөр юм шиг мөртлөө адилхан цагдаагийн алба хаагч. Ус агаар шиг хэрэгтэй цагдаа. Манай бусад чиг үүргээр ажиллаж байгаа алба хаагчдын хувьд ямар нэг байдлаар бухимдалтай байна. Энэ бухимдлыг  арилгадаг нь нэн тэргүүнд урлаг юм. Оюун санааны эмчилгээний байгууллага гэж хэлэхэд хэтрүүлэг бус. Хүний төрмөл хэрэгцээ нь урлаг яруу сайхан юм. Тиймээс аль ч байгууллагад зайлшгүй байх хэрэгтэй. Сайхан дуу сонсоход хүний сэтгэл сэргэдэг.

Хүнд хэцүү дайны жилүүдэд урлагаар л дайчдын  сэтгэлийг нь сэргээдэг байсан түүх бид олон уншиж байсан. Цагдаагийн байгууллагад зайлшгүй байх ёстой салбар учраас манай чуулга идэвхитэй ажиллаж байна.  Цагдаа гэж  том айлын урлаг яруу сайхны хэрэгцээг хангаж байдаг бэсрэг мөртлөө өргөн дэлгэр үүрэгтэй нэгж юмдаа. Цол шагнал гардуулах ёслол, түүхт ойн үйл явдлуудаас гадна эмгэнэх гашуудах бүхий л үйл ажиллагаанд манай уран бүтээлчид оролцдог. Урлаг бол хүнийг хүн болгоход нөлөөлдөг, нийгмийн ухамсарын хэлбэр мөн. Урлаг ойлгодоггүйтэй хүмүүс бол өөрөө хүн болоогүй л гэсэн үг л дээ.

Иймээс бид  Үргэлж тантай хамтдаа” үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан.  Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан нэг алба хаагчийн  гэрийнх нь хашаанд очоод тоглолтоо хийхэд хөршүүд нь эргэн тойрны хүмүүс нь энэ хашаанд  ийм мундаг цагдаагийн албанд ажиллаж байсан хүн амьдарч байна гэдгээр нь бахархдаг хүндэтгэдэг. Алба хаагч маань ч бас миний залуу насандаа ажиллаж байсан байгууллага намайг мартаагүй юм байна гээд насан туршдаа баярлаж өөрөөрөө бахархах сэтгэлтэй үлддэг. Үр хүүхэд нь ч эцэг эхээрээ бахархдаг юм.

Мөн нөхрийнхөө найдвартай ар тал болсон олон гэргий  нар хүнсний зах дээр худалдагч хийх юмуу бусад үйлчилгээний байгууллагад ажиллаж байна. Бид очиж бэлэг өгөөд дуу хуураа өргөн барихад цагдаагийн алба хаагчийн гэргий гэдгийг нь хүмүүс мэдэж авдаг. Тэр бүсгүй энэ үед хань ижилээрээ үнэхээр чин сэтгэлээсээ бахархдаг.

Замын уулзвар дээр зохицуулалт хийж байгаа цагдаагийн алба хаагчид бялуу барьж очоод лааг нь үлээлгээд, төрсөн өдрийн малгай өмсгөөд дуу хуур болоход өөрөө баярлахын сацуу иргэд хараад баярладаг. Ийм ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулах  нь  бидний үүрэг учраас бид олон аймгийн цагдаагийн газар, нийслэлийн дүүргүүд дээрээ зохион байгуулсанд алба хаагч нар талархдаг. Ингэхээр урлаг бол хүмүүний сэтгэлийг баярлуулдаг, баясгадаг, урам зориг нэмдэг талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Илүү их зүйлийг өгүүлж болно доо.

Манай чуулга 85 жилийн ойн түүхэн он жилүүдэд ямар их гавьяа байгуулсныг дурьдаад баршгүй юм. Энэ тухайд чуулгын түүхэн товчоонд тодорхой дурьдах болно. Манай удирдлагуудаас ч биднийг бас их дэмжиж байдагт үргэлж талархаж байна. Цагдаагийн амаргүй хүнд хүчир ажлыг урлагаар зөөлрүүлэх, алба хаагчдынхаа сэтгэл санааг өргөх нь бидний үүрэг.  Бид чуулгынхаа байр, барилгыг тохижуулах, засвар хийхгээд бүтээн байгуулалтын ажлуудыг ч цөөнгүй хийж байгаа. Чуулгын уран бүтээлээс гадна аж ахуйн ажил бас чухал учраас аль алиныг нь амжуулж байна. Их товчхон ярилцлаа. Дараа ихэд дэлгэрэнгүй ярилцах боломж гаргах биздээ.

 Баярлалаа. Танд ажлын амжилт хүсэж байна.

Ярилцсан цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close