Улс төрОнцлохШинэ мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг

Манай улсын ард иргэд ээ!

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Та бид туурга тусгаар улсынхаа төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг амжилттай сонгон байгуулж чадлаа.

Улсынхаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжиж, хийж бүтээж буй бүтээн байгуулалтын ажил, шударга ёсны төлөө тэмцлийг нь тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, дэмжин сонгосон ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Надад дахин итгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн  Монгол Ардын Намын журмын нөхдөдөө дахин талархал илэрхийлье. 

Одоо Та бидэнд ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах үлдлээ.

Сонгуулийн ялалт маань сонгуулийн хариуцлагаар солигдож байна.

Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын өрсөлдөөн гэхээсээ илүүтэй улс төр бизнесийн бүлэглэл ялах уу?, шударга ёсыг хүсэмжилсэн ард түмэн ялах уу? гэсэн нэн амаргүй тэмцлийн дунд өрнөлөө. 

 Манай ард түмэн төр барих дээд эрхээ эдэлж, задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх сонголтыг хийлээ.

Сонгогч олон маань өнгө мөнгө, хоосон амлалт, улс төрийн хийрхэлд авталгүй, хийсэн бодит ажил, бүтээсэн үр дүн, хөгжлийн бодлого, тууштай зарчим, ёс зүй, шударга ёсыг үнэлдэг болсон гэдгээ дахин нотлон харууллаа.

Монголын ард түмэн тогтвортой улс төр, тогтвортой төр засагтай байх нь улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний амьдралд илүү чухал гэж үзэж байгаа нь энэ сонголтоос тод харагдаж байна.

Гадаад талд ч энэ нөхцөл байдал бас мэдрэгдэж байна. Сонгуулийн маргааш гэхэд л олон улсын зах зээл дээр манай улсын хувьцааны үнэ ханш өссөн нь төр засаг, төрийн бодлого тогтвортой байхын чухлыг нотлон харуулж байна. 

Энэхүү сонгууль нь Ардын Хувьсгалын 100 жил, Ардын Намын 100 жилийн ойн өмнө тохиож байгаагаараа түүхэн онцлогтой юм.

Энэхүү түүхт ойн босгон дээр Монгол Ардын Нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь Монголын ард түмэн Ардын намд өндөр итгэл найдвар үзүүлж, үүрэг хариуцлага үүрүүлж байна гэдгийг бид бүхэн гүнээ ухамсарлаж байна.

Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам гэж би боддог. Амжилт ололт, алдаа дутагдалтай ч ардчилсан өөрчлөлтийн 30 жилийн түүхийг бид хамтдаа бүтээсэн. Цаашид ч манай хоёр намын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас Монгол Улсын ирээдүйн хувь заяа ихээхэн шалтгаална гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Ирэх 30 жилд үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, эв нэгдлийг эрхэмлэн Монгол Улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй байж, хамтдаа хүчин зүтгэхийг Ууган намын дарга, Улсын Ерөнхий сайдын хувьд бүх улс төрийн нам, хүчнүүдэд уриалж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх 4 жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлүүд Та биднийг тосон хүлээж байна.

Шинэ Засгийн газар хүндхэн цаг үед хүнд ачааг үүрч ажиллах болно гэдгийг ч бид мэдэрч байна. Бид амаргүй он жилүүдийг хохирол багатай даван туулж, улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай байна.

Энэ бүгдийг нарийн тооцоолж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган та бүхнээр хэлэлцүүлэх болно.

Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын эхний дөрвөн жилийн зорилт, төлөвлөлт байх болно.

Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дөрвөн томоохон зорилтын талаар онцлон хэлье.

Нэг. Импортлогч улсаас экспортлогч улс болцгооё!

Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм.

Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.

Монголчууд бидний олон арван жилийн хүсэл мөрөөдөл байсан газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, долларын урсгалыг дотооддоо шингээж, Дэлхийн зах зээл дээрх нефьтийн үнэ ханшны савалгаанд автахгүй байх, улсынхаа шатахууны хэрэгцээг хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ.

Үүний зэрэгцээ улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг дотооддоо хангах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Мөн ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих ажил эхэллээ. Бүс нутгийн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой төсөл байхын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштөйгөө эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн шинэ хуудсыг нээн хамтын ажиллагааны интеграцид орж байна.

Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр логистик зэрэг салбаруудыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлэх болно.  Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжиж, хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо ханган, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгоход чиглэсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжин төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна.

Эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд олон мянган ажлын байр шинээр бий болж ажилгүйдэл, ядуурал зохих түвшинд буурна.

Хоёр. Нийгэмд шударга ёсыг тогтоож, Цахим Монгол болцгооё!

Миний бие сонгуулийн үеэр Эх орныхоо 20 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт ажиллаж, 100 гаруй мянган иргэдтэй уулзахад хамгийн ихээр хүсэмжилж буй зүйл нь нийгэмд шударга ёс тогтоох асуудал байлаа.

Улаанбаатарын утаа манан сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр, бизнесийн олигархи бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна.

Энэ бол ард түмний захиалга. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл юм.

Шударга сайхан нийгэмд амьдрахыг ард түмэн маань хүсэж байна. Тэд ард түмнээ алагчилдаггүй, баян хоосноор нь ялгаварладаггүй, хууль дүрэм нь хэрэгждэг төр засагтай байхыг хүсэж байна.

Ард түмэн маань эх орныхоо баялагт эзэн болж, эх орондоо эзэн байхыг хүсэж байна. Тэд ирээдүй, үр хүүхдэдээ сайхан Монгол орон үлдээхийг хүсэж байна.

Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг юм.

Миний бие анх Ерөнхий сайд болохдоо “Би намаа цэвэрлэнэ, төрөө цэвэрлэнэ” гэж хэлж байсан. Энэ амлалт ажил хэрэг болж байгааг ард түмэн маань харж байгаа.

Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр засаг байгаа, ард түмэн байгаа гэдгийг цаашид ч мэдрүүлэх болно.

    Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтооход онцгойлон анхаарч ажиллах болно.

Нэн ялангуяа ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль, хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана.

Харин хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчдаа Монголын төр бүх талаар дэмжиж, хамгаалан ажиллах болно гэдгээ хэлье.  

Цаашид бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Энэ төр бол Монгол төр юм.

Улс орны хөгжлийн гол асуудлын нэг бол мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийг түргэтгэх явдал юм.

Энэ салбарт Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах болно.

Энэ ажлын хүрээнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт багтаан эхлүүлнэ.

Гурав. Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлье!

Бид уул уурхай, байшин барилга, хөрөнгө мөнгө ярьсаар байгаад хүний хөгжлийн асуудал, ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулсан тал бий.

Тийм учраас манай Засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байх болно.

Залуу гэр бүлүүд банкны өндөр зээлийн хүүд дарлуулж, орон сууцтай болохын төлөө залуу насаа бүхэлд нь зориулж байна. Эдийн засаг өссөн ч амьдралын чанар сайжрахгүй ирсэн гол шалтгаан ч үүнтэй холбоотой.

Цаашид бид орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлнэ.

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжиж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэндийн даатгал, боловсролын тэтгэлэг болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нэг сангаас шийдвэрлэнэ.

Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоо илүү оновчтойгоор хэрэгжүүлж, нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгоно. Мөн 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барьж, чанартай боловсролыг үр хүүхдэдээ олгож, эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлнэ.   

Иргэдээ жил бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах үндэсний оношилгооны тогтолцоог нэвтрүүлнэ.

Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг энэ хоёр салбарт түлхүү чиглүүлэх болно.

Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна. Зээлийн хүү буурч, хүртээмж нэмэгдэх нь ард иргэдээ зээлийн дарамтаас ангижруулж, хийж бүтээе гэсэн иргэдээ дэмжиж байгаа төрийн дэмжлэг юм.

“Иргэд нь ажилтай, орлоготой, орон сууцтай болж, амьдралын чанар дээшилснээр нийгэм тогтвортой байна” гэж би боддог. Улс төр, нийгмийн тогтвортой байдал нь улс орон хөгжихийн үндэс юм.

Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах, өсвөр үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн хөгжих, төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамыг бие даалган байгуулна.

Энэ бодлогынхоо хүрээнд Их эзэн Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Төв номын сан зэрэг түүх, соёлын салбарт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгана.

Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, Эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн биеийн тамир спортын ордон, фитнес клубуудыг барьж байгуулах ажлыг төр хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх болно.

Дөрөв. Хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангацгаая!

1990 оноос хойш төв рүү чиглэсэн их нүүдэл эхэлж, Улаанбаатар хотын хүн ам гурав дахин нэмэгдсэн. Үүнээс үүдэн гэр хороолол тэлж, агаар орчин, хөрсний бохирдол нэмэгдэж, замын түгжрэл ихэссэн зэрэг олон хүндрэл бэрхшээл, зовлонтой бид нүүр тулж байна.

Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан, цаашид 80 хувь хүртэл бууруулна. Мөн аймгийн төв, томоохон суурин газруудын агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулахаар төлөвлөж байна.

Хариуцлагагүй уул уурхайг эмхэлж цэгцлэх ажил эхэлж, байгаль эхийн нуруу амарч өнгө төрх сэргэж байна.

Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ.

Малчин түмэн, таван хошуу мал бол монгол ахуй, монгол оршихуйн үндэс юм. Тиймээс малчдын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах болно.

Орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, малын түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна. Бэлчээрийн менежментийг сайжруулж, усжуулалтын асуудлыг шийдвэрлэнэ.

Төвлөрлийг сааруулах тогтолцоог бий болгож, нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлэх ажлаа улам гүнзгийрүүлэх болно.

Нүүдэлчдийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж буй өнөөгийн цаг үед хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангах нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг байх болно.

Эрхэм гишүүд ээ!

Сонгогч түмнийхээ өргөн дэмжлэгийг өнөөдрөөс эхлэн өндөр хариуцлага хэмээн ухамсарлан зүтгэцгээе.

Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай. Манай Засгийн газар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ ёс зүйтэй, сахилга хариуцлагатай ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй ажиллах болно.

“Төрийн минь сүлд өршөө” гэж сүсэглэн залбирдаг ард түмний үр сад бид Монгол төрийн босгыг өндөр байлгах учиртай.

Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүн сайд нартаа өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг хатуу шаардаж бас хариуцлага тооцон ажиллах болно.

Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Ард түмэн маань шударга ёсны төлөө тэмцэж, хүн ардын маань итгэл найдвар сэргэж байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө та бид алхам алхмаар урагшилж байна.

Ирэх дөрвөн жил бол Монголчууд бидний хувьд хийж эхэлсэн ажлаа дуусгасан, амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, ажилгүйдэл ядуурлыг бууруулсан, ажлын байрыг нэмэгдүүлсэн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн он жилүүд байх болно.

Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад бидэнд цаг хугацаа олгосон ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Бид бүхэн хичээн зүтгэж ажиллах болно.

Монгол түмнийг минь буурал дээдсийн цог хийморь тэтгэж,

Бурхан халдун хайрханы ноён оргил мөнхөд ивээх болтугай.

Та бүхэндээ баярлалаа.

Монгол Улсын төлөө зүтгэе!!!

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close