Б.Дэлгэрсайхан: Цэнхэр үст Цэрэн, Швейцарын иргэнтэй хамтран үүнийг хийлээ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан түүний нэр төрд халдсан бичлэгүүдийг удаа дараа хийсэн хэмээн үзэж, өнөөдөр хариу өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Олон нийтийн сүлжээгээр тавилттай жүжиг тавилаа. Цэнхэр үст Цэрэн, Швейцарын иргэнтэй хамтран үүнийг хийлээ. Дэлхийд байхгүй банкны нэр ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн явж байсныг та бүхэн санаж байгаа байх. Яг энэ сценарийг надад ашиглаж байна. Өмнөх парламентад надтай хамт суусан нэг залуу улс төрч бий. Тэр хүн санхүүжүүлсэн. Би бүх эзнийг мэдэж байна.
Гаргаж тавьсан бичиг баримтууд нь 2017, 2018 оных байна лээ. Намайг Швейцарийн прокурор, Английн тагнуул, АТГ, Хонконг гэх мэт орнуудын байгууллага шалгалаа. Өмнө нь энэ үйл ажиллагааг явуулсан хүмүүс С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн. С.Баярцогт үхчихээгүй тул энэ талаар ярих биз. Өчигдөр орой миний талаар хийсэн шууд бичлэгийг би үзлээ. Амныхаа зоргоор ярьж байна. Монгол Улс хууль дүрэмтэй.
С.Баярцогтыг шалгах явцдаа миний UBS банкны дансыг мөн шалгасан. Иймд би нүүр бардам байна. Миний хамаарал бүхий компаниудыг дурдан, С.Баярцогтод намайг хахууль өгсөнд буруутгадаг. Би 2004 онд уул уурхайн салбарт орсон. Тухайн үед С.Баярцогт хэн ч биш байв. Би түүнд хахууль өгөх ямар ч шаардлага байхгүй. Швейцарийн шүүхэд тус улсын сэтгүүлч бүсгүйг мөн өгсөн.
Би УИХ-ын гишүүн болохоос өмнө 25 жил бизнес хийсэн. Энэ үед гадаад улсуудад данстай байсан нь үнэн. “Болд төмөр Ерөө гол” компанийг өөр хүнд шилжүүлсэн. Энэ компани ХК болоогүй, олон нийтэд нээлттэй биш. ХХК статустай. Энэ компанийн 51 хувийг БНХАУ эзэмшдэг. Монголын тал 49 хувийг эзэмшдэг. Цаашид Монголын тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Надад буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Үүнийг мушгин гуйвуулж байгааг гайхаж байна.
Дорноговь аймгийн газрыг БНХАУ-ын иргэдэд худалдлаа гэдэг нь ташаа. Би газар зарах эрх мэдэлтэй ч хүн биш. Нийслэлийн прокурор миний хэргийг хаасан. Би хууль хяналтын байгууллагад нөлөөлөх шаардлага байхгүй.
“Засаг чандмань майнз” компани Дорноговь аймагт тусгай зөвшөөөрөлтэй. Тэд 70 сая ам.долларын залилан хийгээд зугтан алга болсон. Тэднийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа шүү дээ. Надад бусдын бизнесийг булаах сонирхол байхгүй” гэв.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Яг одоо таныг гадаадын болон дотоодын хуулийн байгууллага шалгаж байгаа юу?
-Гадны байгууллагууд шалгаж 2019 оны арванхоёрдугаар сард таны дансны нэхэмжлэлийг цуцаллаа гэсэн бичиг надад ирсэн. Швейцарийн прокуророос мөн энэ хүний дансыг чөлөөллөө гэсэн бичгийг мөн ирүүлсэн.
-2016 онд таны ХОМ дээр байсан Болд төмөр ерөө компани байхгүй болсон. Энэ компаниа хятадуудад өндөр үнээр зарсан гэсэн мэдээлэл гарсан?
-Намайг 1,5 сая ам.доллараар зарсан гэх мэдээлэл гарсан байсан. Монгол Улс бол хуультай, дүрэмтэй. 2017 оноос ашиг, сонирхлын зөрчлийн тухай хууль үйлчилж эхэлсэн, төрд ажиллаж байсан хүн бизнес хийх боломжтой байсан. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож төрд орохоос өмнө 25 жил бизнес хийж, гадаадад данстай байсан нь үнэн. Гэхдээ би данснуудаа хааж, Болд төмөр ерөө ХХК Монгол Улсын иргэн Чулуунхүү гэдэг хүн рүү шилжүүлсэн. Мөн Болд төмөр ерөө гол компани хөрөнгийн бирж дээр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
-Таныг Дорноговь аймагт газар зарсан, хүний бизнес булаасан гэдэг зүйл ярьсан?
-Дорноговь аймагт Хятадуудад газар өгсөн зүйл байхгүй. Би газар өгдөг эрх бүхий хүн биш. Намайг Дорноговь аймагт газар зарсан, хүний бизнес булааж авсан гэх мэдээллийг хийсэн байна лээ. Намайг хүний бизнес дээрэмдсэн гэж зориуд явуулга хийж байгаад би гайхаж байна. Би хүний бизнес булаах нь битгий хэл Дорноговь аймаг буюу төрсөн нутагтаа бизнес хийхгүй гэж хэлсэн, тэр үгэндээ одоо ч эзэн болж байгаа.
-С.Баярцогтод авлига өгсөн гэж яриад байгаа ч та мөнгө зээлсэн гэсэн үг үү?
-Би С.Баярцогтод мөнгө зээлсэн, эргүүлээд авсан. 2007-2008 онд би зээлүүлсэн, буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Зориуд мушгин гуйвуулж байна.