Сонгууль 2020ОнцлохШинэ мэдээ

“УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон”

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль бусад хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвараас урьдчилан сэргийлэх журмыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мөрдүүлж зохион байгууллаа.

Хуулиа дээдлэн хоёргүй сэтгэлээр хонон өнжин зүтгэсэн нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч нийт 606 нэр дэвшигч бүргүүлж хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийлээ.

2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон санал хураалт аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон хэдий ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа.

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 20931 сонгогч саналаа өгөх хүсэлт гаргаж 19956 сонгогч буюу 95.34 хувь нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна.  

2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.

Сонгуульдаа идэвхитэй, өндөр ирцтэй оролцсон ард иргэддээ баярлалаа.

            Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846-н хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн зөрүүгүй байна.

            Энэ удаагийн сонгуулийг ОХУ-ын “Монголия сегодня”, БНХАУ-ын “Жинь Мин Жи Бао Синхуа”, БНСУ-ын “Бреак Ньюс Кореа”, Катарын “Аль жазир” зэрэг гадаад орны хэвлэл мэдээллийн байгууллага болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 300 гаруй сэтгүүлчид сурвалжиллаа.

            Сонгуулийн үйл явцын талаарх мэдээ мэдээллийг ард иргэддээ цаг алдалгүй, шуурхай мэдээллэж ажилласан сэтгүүлчиддээ баярлалаа.

            Мөн энэ удаагийн сонгуулийг АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг улсын ажиглагчид, сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилогдсон 300 гаруй мянган ажиглагчид хэсгийн хороодод бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийлээ.

Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд МАН-62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат эвсэл 1, бие даагч 1 тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа.

Сонгогдсон гишүүдийн 82.8 хувь буюу 63 нь эрэгтэй, 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй байна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэтгэж, тойрогт хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа.

Ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн нам, эвсэл, нэр дэвшигчиддээ баярлалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.5-д тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд олгох бөгөөд, сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хуралд өргөн барина.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close