УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.
Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО