Сэргээн босгох үйл ажиллагаанд 470 орчим хүн ажиллаж байна
Өчигдөр буюу 06 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн.
Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байна.
Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-элгэн өртөөний замчид болон холбогдох байгууллагын 470 орчим хүн оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.
Мөн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үнэлгээг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.