ОнцлохШинэ мэдээ

“Эх орон минь бидэнд хаалгаа нээгээч”

/Короновирусын халдвар Дэлхийн улс орнуудад тархсантай холбоотойгоор Монгол Улс хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Хэдийгээр манай улсад бүртгэгдэж буй тохиолдолууд нь гадаадын улс орнуудаас ирсэн хүмүүсээс зөөвөрлөгдөн орж ирээд буй. Гэхдээ гадаадад байгаа хүн бүр халдвартай биш, монголчууд минь тухайн улс орондоо аль чадах хэмжээгээрээ өөрийгөө хамгаалж, халдвараас урьдчилан сэргийлэн нутаг буцах боломжит цагийг хүлээн суугаа гэдгээ хэлж ярьж байна. Уншигч таньд “Гадаадад гацсан олон олон монголчуудын төлөөлөл болсон нэгэн эмэгтэйн бидэнд илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Захидлын эзний хүсэлтээр нэр болон зургийг нь нууцалсан болно/

Эх орон минь бидэнд хаалгаа нээгээч

Бид одоо 30 настай жирийн нэгэн эмэгтэй. Монгол улсын иргэн хүн. Өнгөрсөн хугацаанд нийгэм улс төрд тийм ч их анхаарал хандуулалгүй явлаа. Тэгсэний хариугаа хүртэж яваа ч юм шиг …

Гэхдээ би Монгол улсаараа бахархаж, заримдаа нийгмийн таагүй асуудалд сэтгэл зовон санаа алдаж явлаа. Ихэнхдээ олны нүдэнд ил байгаа мэдээллээр л дүгнэдэг байсан. Заримдаа тэр мэдээллүүдэд ч гэсэн итгэхэд хэцүү… Хаана юуг олон хүн дэмжиж ярьж байна тэр нь үнэн юм шиг шууд л итгээд явдаг. Олон хүн дэмжлээ гээд худал зүйл үнэн болчихгүй. Гэхдээ үнэн гэдэг зүйл тэр бүхний дунд замхран алга болж худал хуурмаг, мөнгө, эрх мэдэл ноёлж байгааг харж, харамсаж халаглаж явсан…

Ажил, амьдралын шаардлагаар би ердөө 7-хон хоногийн сургалтад суухаар Солонгос улсыг зорьсон ч “Гадаадад гацсан иргэд”-ийн нэг болоод 4 сар болж байна. Өнгөрсөн хугацаанд Монголынхоо төр засаг, удирдагч нарт найдаж итгэж их л хүлээлээ. 4 сар … Одоо үнэхээр урам хугарч байна /ингэж хэлэхэд ч багадахаар/. Ингэж хэллээ гээд өөрчлөгдөх юм байхгүй гэдгийг мэдэж байгаа ч Монгол улсын иргэний хувьд үзэл бодлоо илэрхийлж мэдэгдэх хэрэгтэй гэсэн үүднээс үүнийг бииж байна.

Би жирэмсэн, ахмад настан, эрүүл мэндийн асуудалтай иргэн биш учраас Улсын онцгой комиссын тавьсан шалгуурт тэнцэхгүй. Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн жагсаалтад орох боломжгүй. Гэтэл гадаадад байгаа Монголчуудынхаа эх орондоо буцах эрхийг нь хаачихаад “Сонгууль хийнэ”, “Наадам хийнэ” гээд байгааг ойлгохгүй байна. Яг үнэндээ “Гадаадад байгаа Монголчуудаа” гээд бүх арга, хүчээ дайчлаад хамтран ажиллаад олноор нь татан авах, эсвэл зөвхөн Монголчууддаа хилээ нээх боломж байгааг хүмүүс хараад хэлээд байхад тоосонгүй.

Харин сонгуульдаа л бүх боломж хүчээ дайчлаад болохгүй юмыг хүртэл болгоод, олноороо бөөгнөрөөд байж байгаа мэдээллийг харж, үнэхээр гомдож харамсаж байна. Анх энд ирээд буцаж чадахгүй болсоны дараа Монголдоо яарч очоод халдвар тараачих вий. Хэсэгтээ байдал тайван болтол болгоомжлоод байж байя гэсэн сэтгэлтэй байсан. Тиймдээ ч буцах гэж улайрч зүтгээгүй. Нөхцөл байдал гайгүй болохыг л хүлээсэн. Мэдээж зүгээр л нэг хүлээсэнгүй. Тэр дунд айдас түгшүүр сэтгэл санааны дарамт гээд тоочвол олон л зүйлүүд болсон. Би ганцаараа ч биш. Энд гацсан бүх Монголчууд тийм цаг үеийг үзэж туулж байгаа. Ихэнх нь хүнд нөхцөлд өдөр хоногийг арай гэж өнгөрүүлэн амьдарч байна.

Энэ бүгдийг харсаар өдийг хүртэл хүлээж тэвчиж ирлээ. Харин одоо бол хилээ нээж иргэдээ хүлээж авах цаг нь болсон. 4 сар хоригдлоо. Хэдий болтол Монгол боломжгүй чадваргүй бололцоогүй гэж ярих юм бэ? Хүнд нөхцөлд орох болгондоо ийм зүйл яриад хамаг юмаа хаагаад суух юм бол хэзээ бид хөгжих вэ? Монголын Засгийн газар бүх бололцоогоо хангалттай дайчлахгүй байна. Зүгээр л бид өвчинг алдвал яаж ч чадахгүй гэсэн сэтгэхүйгээр л хүмүүсийн амыг таглаад байна. Мэдээж энэ нь бүрэн үгүйсгэх зүйл биш ч гэсэн бодит нөхцөл байдалтай таарахгүй, бэрхшээлийг давах зөв арга биш гэдгийг бид харсаар л сууна.

Монголчууд бид өдийг хүртэл хэн нэгнийг буруутгахад нэгдэж сөрөг талаар үзэл бодлоо илэрхийлж байгааг их харлаа. Нутагтаа оччихвол тавьсан шаардлагын дагуу тусгаарлагдаж, эргэлзээг тайлсны дараа гэртээ очино. Бид төр засгийн шийдвэрийг хүндэтгэнэ, дагаж мөрдөнө. Харин ингэж иргэдээ эх оронд ирүүлэхгүй, харь нутагт хорих нь хэн ч харсан маш буруу, хүний эрхийг боож, дарангуйлсан зүйл. Яагаад дуугүй байцгаана вэ? Хэдий болтол хүлээж, чимээгүй байх вэ? Өөрсдийн амьдралд шийдвэр гаргагчдын гараар сэв суулгахыг хүсэхгүй байна. Уучлаарай одоо тэсэж ханалаа. Монгол иргэддээ хаалгаа нээгээч. Хайртай хүмүүс минь, ажил амьдрал минь Монголд бий…

Хүндэтгэсэн: Монгол Улсын иргэн Н…

2020 оны 06 сарын 15

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close