Гадаад харилцааУлс төрОнцлохШинэ мэдээ

Монгол Сингапурын Гадаад харилцааны сайд нар цахим уулзалт хийв

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд Др. Вивиан Балакришнан нар видео уулзалт хийж, харилцан мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол, Сингапур улс өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсролын зэрэг салбарт амжилттай хамтран ажиллаж, эдүгээ Сингапур улс нь Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь бидний итгэлт анд, найдвартай түнш болсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ярианыхаа эхэнд тэмдэглэв.

Тэрээр өнгөрөгч 2019 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд худалдааны эргэлт 2019 онд 176,8 сая ам.долларт хүрч, 2016 оныхоос 5 дахин, сүүлийн нэг жилд 3 дахин нэмэгдснийг онцлон дурдав. Мөн энэ эрчээ цаашид хадгалан хоёр талын эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сингапурын Гадаад хэргийн сайд Др.Балакришнан өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол, Сингапурын харилцаа тэлж, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжиж байгааг онцлоод гадаад бодлогын ижил төстэй үзэл баримтлалтай манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд илүү дотно хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар “COVID-19” цар тахалтай тэмцэх хүрээнд Сингапур Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг тэмдэглэж, тус улсаас цар тахалтай тэмцэх хүрээнд манай улсад сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Дипломат харилцааны 50 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Хатагтай Халима Яакоб, Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, Гадаад хэргийн сайд Д.Балакришнан нартай тус тус баярын захидал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close