Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

“Олон улсын эмнэлгийн түргэн тусламжийн албыг бүс нутгуудад байгуулах саналтай байна”

Гадаад харилцааны сайп Д.Цогтбаатар НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 76 дугаар чуулганы нээлтэд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Энэхүү завшааныг ашиглан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх өөрийн бодол,  санаачилгыг товч танилцуулахыг хүсч байна.

Коронавирусын халдвар нь баян, ядуу, хүчтэй, хүчгүйгээс үл хамааран дэлхий ертөнц дээрх амьд амьтан, улс үндэстэн бүрд нөлөөлж байна. COVID-19-өөс үүдэлтэй хямрал нь урьд өмнө сайтар тунгаан бодоогүй зүйлсийг эргэцүүлэн бодох, үнэт зүйлс, хандлага болон үйлдлийг эргэн харахыг биднээс шаардаж байна.

Ужигарсан, шинээр үүсч буй болон дахин тархан дэгдэж буй халдварт өвчний аюултай нүүр тулж буй дэлхий ертөнцөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, үйл ажиллагааны далайцыг нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Үүнийг харгалзан миний бие Олон улсын эмнэлгийн түргэн тусламжийн албыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын хяналтан дор бүс нутгуудын түвшинд байгуулах санаачилгыг дэвшүүлэхийг хүсч байна. Цэргийн шуурхай ажиллагааны баг байгуулдаг уламжлалт практикийн дагуу Эмнэлгийн түргэн тусламжийн албыг бүрдүүлэх нь хүмүүсийн аюулгүй байдлыг, дэлхий ертөнцийг бүхэлд нь хангахад илүү ухаалаг, хариуцлагатай хөрөнгө оруулалт болно хэмээн итгэж байна.

Халдварт өвчин дэгдсэн ямар ч газар цогц уялдаатай удирдлага, удирдамж, заавар, зөвлөмжөөр хангах зорилгоор Эмнэлгийн түргэн тусламжийн албыг тахал буюу цар тахлын үед улсын эсхүл засаг захиргааны хил хязгаараас үл хамааран дайчлан ажиллуулж болох бөгөөд шаардлагатай бол хорио цээрийн дэглэм тогтооход дэмжлэг үзүүлэх боломжтой. Эмнэлгийн түргэн тусламжийн алба нь эмнэлгийн бараа материал, хувцас хэрэглэл, маск, хувийн халдвар хамгааллын хувцасны бүсийн хэмжээний агуулах, ханган нийлүүлэх  төвүүдийг байгуулж удирдах боломжтой юм. Тус алба нь тахал гарсан үед дайчлан ажиллуулах бүс нутгийн хэмжээний эмч, эмнэлгийн ажилтнуудын бүртгэлийг хөтөлж, хамтарсан дасгал сургуулилтыг тогтмол зохион байгуулах замаар  шаардлагатай үед хамтран ажиллах чадавхийг нь бэхжүүлэх үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн зарцуулалт, санхүүжилтийн тэргүүлэх чиглэлийг эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахын тулд өөрчлөх ёстой хэмээн үзэж байна. Цаашилбал батлан хамгаалахын зардалд хориг тавих, зогсоох, улмаар тэрхүү төсвийг дэлхийн эрүүл мэндийн зардалд шилжүүлэн зарцуулах нь зохистой юм.

ДЭМБ манай дээрх саналыг судалж байгаа. Бүс нутгийн орнууд уг санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллана хэмээн найдаж байна. Эл дашрамд, бүс нутгийн эрүүл мэндийн болон эмнэлгийн зөвлөлдөх хоёр талын механизм байгуулах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын санаачилгыг сайшаан тэмдэглэе. Энэхүү механизм нь хөл хорио тогтоохын өмнөх болон дараах үеийн эдийн засгийн харилцааг сэргээхэд үр нөлөөтэй гэж үзэж байна.

COVID-19 цар тахлын дараа ДЭМБ-ын байр суурь Дэлхийн худалдааны байгууллагын нэг адил  илүү сайн болсон байгаасай гэж бид хүсч  байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Коронавирусаас улбаатай урт хугацааны хөл хорионы дэглэмийн дараах бидний амьдрал өмнөхөөсөө өөр байх нь тодорхой юм. Олонх маань цар тахлын дэгдэлтийг гэтэлж, хэвийн амьдралдаа эргэн орохыг хүсч байна. Бид эрүүл мэндэд суурилсан шинэ бодит байдлын эрин үе рүү орно  гэдэгт эмээж байна.

БНХАУ-тай худалдааны харилцаагаа сэргээхэд чиглэсэн оролдлого, чармайлтын явцад энэ шинэ бодит байдлыг бид мэдэрсэн юм. Бидний олж мэдсэн эхний зүйл бол  эрүүл мэнд, эмнэлгийн харилцаанд  харилцан итгэлцлийг аль аль талдаа сэргээх шаардлага байсан. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын хүрээнд итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ авах шаардлагатайг бид ойлгосон. Энэ нь ард иргэдийн талаарх эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн илүү үр дүнтэй, ил тод, тогтмол солилцоо хийгээд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тогтолцоо, эмнэлгийн байгууллагуудыг хамруулж байгаа бөгөөд эдгээр нь ард иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл, бараанд итгэлцлийг бий болгох үндэс болдог байна.

Бидний ажигласнаар итгэлцлийг бэхжүүлэх үйл явц аажим боловч ахицтай байна. Эхэндээ харилцан хүндэтгэх, бие биенийхээ зүй ёсны болгоомжлолыг харилцан ойлгох шаардлагатай байсан. Түүнчлэн хорио цээрийн дараа хил нээхэд эрүүл мэндийн чанартай саад бэрхшээл мэт харагдах боловч чухамдаа эрүүл мэндийн салбарт огт хамааралгүй олон зохицуулалт байгааг бид олж тогтоосон. Тиймээс эдгээр арга хэмжээ нь ямар ч хэрэгцээгүй хүнд суртлын саад төдий байна. Ихэнх тохиолдолд өөрсдөдөө учруулж буй саад төдий байгаа учир цар тахлын эдийн засагт учруулах хор хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд эдгээр саадыг аль болох эрт илрүүлэх нь зохистой байна.

Одоогоор бүс нутагтаа COVID-19-ийн халдвар авсан хүний тоогоор хамгийн бага улс нь Монгол Улс байна.  Манай улсад дотооддоо “Covid-19” вирусын халдвар авсан, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Короновирусын халдвар авсан хүмүүсийг тусгаарласан ба хүн амын дунд халдвар тархаагүй. Хоёр улсын эрүүл мэнд, аюулгүй байдлын байгууллагууд хоорондын баримтжуулалт, ил тод, үнэн зөв мэдээлэл солилцоо, мөн Монгол Улсаас экспортолж буй бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй хүмүүсийг шинжилгээнд тогтмол хамруулах нь Хятад Улсын хувьд манай улстай хийх худалдааны аюулгүй байдлын томоохон баталгаа болж байна.

Хятадын Засгийн газрын короновирусын эсрэг хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр нөлөө, эрүүл мэндийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг нээлттэй солилцож байгаа нь бидний зүгээс худалдаа арилжааны зорилгоор хилээ нээх шийдвэр гаргахад нөлөөлсөн. Эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд Монгол, Хятадын худалдаа аажмаар нэмэгдэж байна. Бусад улс орны хувьд ч худалдаа, арилжааг сэргээхэд дээрхтэй ижил төрлийн арга хэмжээ авах шаардлагатай болов уу.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Та бүхний мэдэж байгаачлан энэхүү хүнд цаг үед коронавирусаас улбаатай ялгаварлан гадуурхалт нэмэгдэхийн сацуу ялгаварлан гадуурхах бусад хэлбэр ч оршсон хэвээр байна.

Эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайхныг цогцлоохын төлөө хэрэгжүүлж буй бодит хүчин чармайлтыг маань үл харгалзан бидэнтэй урьдчилан зөвлөлдөж мэдэгдэлгүй, тайлбар хийх боломж огт олголгүйгээр манай улсыг банк, санхүүгийн тогтолцооны стратегийн доголдолтой, Европын Холбооны санхүүгийн тогтолцоонд аюул учруулахуйц улс хэмээн тодорхойлсон явдалд харамсаж байна. Эл хугацаанд бид санхүүгийн тогтолцоогоо шинэчлэх, өөрчлөх чиглэлээр ахиц дэвшил гарган ажилласан бөгөөд олон улсын холбогдох эрх бүхий байгууллагууд ахиц гарсныг хүлээн зөвшөөрч, сайшааж буйгаа мэдэгдэж байсан юм.

Коронатай тэмцэхийн тулд нэгдэж нягтарч байх ёстой цаг үе болохоос бус бие биенээ гойчлон шошго нааж, жагсаалт үйлдэх цаг үе биш юм гэж бид үзнэ. Энэ цаг хугацааг цар тахлын улмаас үүсч буй хүндрэлийг даван туулахад ашиглаж, том, чинээлэг улс орнууд болон тэдний бүлэглэлүүд эдгээр хүч чармайлтад саад тотгор учруулах бус дэмжиж ажиллах ёстой.

Эцэст нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттересийн гаргасан цар тахлыг хүн бүрд аюулгүй, эрүүл, хүртээмжтэй, дасан зохицсон дэлхий ертөнцийг цогцлооход ашиглах нь зүйтэй гэсэн уриалгыг Та бүхэнд давтан хэлэхийг хүсч байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close