Гадаад харилцааШинэ мэдээ

“С5+1” дипломат платформ

2015 оны 9 дүгээр сард АНУ-ын Нью Йорк хотноо тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Төв Азийн улс орнууд буюу Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан улсуудын Гадаад хэргийн сайд нартай хийсэн уулзалтын үр дүнд “С5+1” дипломат платформыг албан ёсоор үүсгэн байгуулж байгааг мэдэгдсэн байдаг. 2014 оны 11 дүгээр сард “Самаркандын уулзалт”-ын үр дүнд Төв Азийн 5 улс АНУ-тай “Түншлэл ба хамтын ажиллагааны хамтарсан тунхаглал” баталсан бөгөөд энэ үйл явдал нь “С5+1” платформыг үүсгэн байгуулах үндэс болсон байна.

            “С5+1” платформын хүрээнд оролцогч орнууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна:

  • Худалдаа, тээвэр, харилцаа холбоо болон эрчим хүчний эх үүсвэрийн салбарт хамтран ажиллах;
  • Бүс нутгийн улс орнууд дахь бизнес эрхлэх орчинг сайжруулах;
  • Хүрээлэн буй орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх;
  • Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний наймаа, зэвсгийн наймаа зэрэг хил дамнасан гэмт хэрэг, аюул заналтай тэмцэх;
  • Афганистаны нөхцөл байдлыг тогтворжуулах;
  • Цөмийн зэвэг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэх;
  • Соёл, боловсролын харилцааг хөгжүүлэх;
  • Хүний эрхийг хамгаалах;
  • Иргэний нийгмийн байгууллыг бэхжүүлэх, ардчилсан институцыг хөгжүүлэх.

Жон Керри нь Төв Азийн таван улсад айлчлал хийсэн АНУ-ын анхны ТНБД болсон бөгөөд “С5+1” платформыг үүсгэн байгуулсан нь АНУ Төв Азийн бүс нутагт ач холбогдол өгч өөрийн нөлөөллийг тогтоох бэхжүүлэх, тус бүс нутаг дахь ОХУ, БНХАУ-ын улс төр, эдийн засгийн нөлөөг саармагжуулах зорилготой байв.

Түүнчлэн “С5+1” платформын гол онцлог нь Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан гэсэн улсуудыг гишүүнээр нэгтгэж чадсан явдал юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн байдлаар Төв Азийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй “Евразийн эдийн засгийн холбоо” /ЕАЭЗХ/, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага” /ШХАБ/, “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” /ХАБГБ/ зэрэг байгууллагууд эдгээр 5 улсыг нэг дор гишүүнээр нэгтгэж чадаагүй байна.

Нөгөө талаар “С5+1” платформ нь ямар нэг хатуу бүтэц, зохион байгуулалтгүй, оролцогч талууд ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй тул эрсдэл бага. Мөн АНУ Ази дахь өөрийн холбоотнууд болох Япон, БНСУ-аар дамжуулан Төв Азид хөрөнгө оруулалт оруулж, өндөр хөгжсөн техник технологийг нэвтрүүлэх боломжтой юм. Япон, БНСУ-ын хувьд Төв Азийн бүс нутаг томоохон зах зээлүүдийн нэг бөгөөд улс төр, эдийн засгийн найрсаг харилцаатай байна.

Эх сурвалж: ТЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close