Гадаад харилцааFocusШинэ мэдээ

Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монголын Мянганы сорилтын сангийн Туул хурлын танхимд боллоо. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн хуралдааныг хорио цээрийн дэглэм, хуулийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулав.

Хуралд Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон бусад гишүүдээс гадна АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй оролцлоо.

Хурлын эхэнд Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүд болох УСУГ-ын урт хугацааны өрийг чөлөөлөх, шинэ ТЦБ-ийн ажлын явц, Төв цэвэрлэх байгууламж руу үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал усан дахь химийн бодисын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж батлах зэрэг ажлын явцын талаар Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийв.

Мөн Монголын МСС-ийн 2020 оны 7 дугаар сарын 1-ээс 2021 оны 6 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлэх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2020 оны 3 дугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөө, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хэрэгжиж буй хорио цээр, хязгаарлалтын улмаас зарим гэрээнд оруулах шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлав.

Түүнчлэн Компакт гэрээний хэрэгжилтийн хүрээнд байгаль орчин, нийгмийн нөлөөллийг үнэлж, тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Байгаль орчин, нийгмийн менежментийн бодлогын баримт бичгийг баталж, Монголын МСС-ийн худалдан авах болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын дүн, Компакт гэрээг хэрэгжүүлэх хугацаанд Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монголын МСС-ийн ажилтнуудын баримтлах Ёс зүйн дүрмийг энэ удаагийн хурлаар тус тус танилцууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close