НийгэмХууль эрх зүйЭх сурвалж

О.Зоригт: Оны эхний 4 сард гэмт хэргийн гаралт буурсан

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа О.Зоригттой ярилцлаа. 

Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 2020 оны эхний 4 сарын статистик мэдээ гараад удаагүй байна. Энэ талаарх товч мэдээллээр ярилцлагаа эхлэе ?

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай анги 20 бүлэг 214 зүйл, 553 хэсэгтэй. 2020 оны эхний 4 сарын өссөн дүнгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 бүлэгт заасан гэмт хэргүүд 5.8-76.2 хувиар буурсан бол 2 бүлэгт заасан гэмт хэрэг өсч, мөн 2 бүлэгт заасан гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Энэ хугацаанд нийт 10130 гэмт хэрэг бүртгэгдсэний 65.8 хувь буюу 6663 нь нийслэл Улаанбаатар хотод, 34.1 хувь буюу 3452 нь аймгуудад үйлдэгдсэн байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2802 буюу 21.7 хувиар, нийслэлд бүртгэгдсэн гэмт хэрэг 2110 буюу 24.1 хувиар, орон нутагт бүртгэгдсэн гэмт хэрэг 665 буюу 16.2 хувиар тус тус буурсан гэсэн үг. Харин Засаг захиргааны нэгжээр нь авч үзвэл гэмт хэрэг 16 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт буурч, 5 аймаг, нэг дүүрэгт өссөн байна.

Тодорхой төрлөөр нь авч үзвэл ямар байдалтай байгаа вэ?

Тодорхой төрлөөр нь авч үзвэл хүнийг алах гэмт хэрэг 8.2 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 30.4 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 80.4 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50.0 хувиар, хулгайлах гэмт хэрэг 20.2 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 43.2 хувиар, залилах гэмт хэрэг 19.7 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 39.2 хувиар гэх мэтээр манай улсын гэмт хэргийн бүтцэд зонхилдог бараг бүх төрлийн гэмт хэргүүд буурсан үзүүлэлт гарсан.

Гэмт хэргийн улмаас хохирсон нийт хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 2628-аар буюу 21.0 хувиар, нас барсан хүний тоо 167-оор буюу 35.2 хувиар, гэмтсэн хүний тоо 333-аар буюу 11.2 хувиар, учирсан материаллаг хохирлын хэмжээ 14.6 тэрбум төгрөгөөр буюу 22.2 хувиар тус тус буурчээ. Ийм эерэг сайн үзүүлэлтүүд гараад байвал сайшаалтай байна. Энэ буурсан үзүүлэлт бүрийн олон айлын амьдрал, гэр бүл, эрхээ хамгаалуулж чадсан иргэн хүн байгаа учраас бид цаашид ч бууруулахын төлөө ажиллах болно. Нэг иргэн үүргээ ухамсарлахад түүнийгээ дагаад олон эерэг үзүүлэлт гарах боломж бий.

Харин зөрчлийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ? 

Зөрчлийн хувьд энэ хугацаанд 772.324 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81.971 буюу 11.9 хувиар, 769.683 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 82.674 буюу 12.0 хувиар тус тус өссөн бөгөөд нийт зөрчлийн 91.3 хувь буюу 705115 нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих” зөрчил эзэлж байна. Архи согтууруулах ундаа хэрэглэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 35288 хүнийг эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 22888 буюу 6.1 хувиар өссөн бөгөөд нийт эрүүлжүүлэгдсэн хүний 26429 буюу 74.9 хувь нь Улаанбаатар хотод, 8859 буюу 25.1 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн.

Гэмт хэргийн илрүүлэлт хэр байна вэ?

Бид гэмт хэргийн илрүүлэлтийн хувийг нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргүүдээс тооцдог аргачлалыг ашигладаг. 2020 оны эхний 4 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 48.6 хувь нууц далд аргаар үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.9 хувь, нийслэлд 32.7 хувь, орон нутагт 42.8 хувь байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал улсын хэмжээнд 10.9, Нийслэлд 13.1,  орон нутагт 4.7 нэгжээр тус тус өссөн байгаа.

Өссөн гэмт хэргийн тухайд?

Хүрээлэн байгаа орчны эсрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн 2 бүлэг гэмт хэргүүд өмнөх оны мөн үеэс өссөн байна. Тухайлбал: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэрэг өнгөрсөн оны 4 сард 20 бүртгэгэдэж байсан бол энэ жил 41 болсон, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 162 байсан бол 274 болж өссөн. Ер нь гэмт хэрэг өөрөө нийгмийн үзэгдэл гэдэг утгаараа нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинтэй байнга уялдаж явдаг зүйл. Сүүлийн жилүүдэд манай улсад хүрээлэн байгаа орчны эсрэг болон цахим мэдээллийн аюугүй байдлын эсрэг гэмт хэргүүд тооны хувьд төдийлөн их биш ч өсөх хандлагатай байгаа.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/09 дүгээр тушаалаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Экологийн цагдаагийн алба”-ыг ЦЕГ-ын бүтцэд байгуулсан.

Манай улсад ер нь ямар гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгддэг юм бэ?

Криминологийн шинжлэх ухаанд “тодорхой нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийн бүтэц” гэж ойлголт байдаг. Манай улсын гэмт хэргийн бүтцэд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн хоёр бүлэг гэмт хэрэг сүүлийн 30-аад жил зонхилсоор ирсэн. Энгийнээр нэг дэх бүлэг нь хулгай, дээрэм, залилан гэх мэт өмч хөрөнгө эзэмших эрхэнд халдсан хэргүүд, хоёр дахь нь зодооны цохионы хэргүүд гэж ойлгож болно. Сүүлийн 10 жилийн дунджаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 60-63 орчим хувийг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22-25 орчим хувийг эзэлж ирсэн статистик бий.

Энэ хоёр бүлэг гэмт хэрэг нийлбэрээрээ нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг тогтмол эзэлдэг. 2020 оны эхний 4 сарын байдлаар 85.5 хувийг эзэлж байна. Мөн нийт гэмт хэргийн 3 орчим хувийг эзэлдэг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг ордог. Үлдэж буй 10 гаруй хувийг бусад төрлийн хэрэг эзэлдэг.  Гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл энэ оны эхний 4 сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 81.4 хувь нь хөнгөн ангиллын, 18.6 хувь нь хүнд ангиллын гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн статистик мэдээний гол гол үзүүлэлтүүд эерэг гарсан нь юутай холбоотой гэж та үзэж байна вэ?

Гэмт хэргийн тоо, түүний улмаас учирсан хохирол мэдэгдэхүйц хувиар буурч байгаа нь төр засаг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амар тайван нөхцөлд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, тэдний өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаагийн нэг илэрхийлэл юм.

Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааныхаа үндсэн бөгөөд тэргүүлэх чиглэл болгож, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ судалгаа, дүн шинжилгээний ажлын үр дүнд үндэслэх, техник, технологийн дэвшил, боломжийг ашиглах, иргэд, олон нийттэй хамтын ажиллагаагаа бүх хэлбэрээр өргөжүүлэх, тэдний дэмжлэг оролцоонд тулгуурлах бодлого чиглэл тууштай баримталж, энэ бодлогынхоо хүрээнд гэмт хэргийн бүлэг төрөл бүрт чиглэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг шат дараатай төлөвлөн амжилттай хэрэгжүүлж ирсэний үр дүн гарч байна гэж хэлж болно.

Аливаа ажлыг эцсийн дүндээ хүн л хийдэг учраас өнөөдрийн энэ эерэг үр дүн манай цагдаагийн байгууллагын бүх шатны алба нэгж, удирдах ажилтнуудын ажлын зөв зохион байгуулалт, ажилтан, алба хаагчдын идэвх санаачлага, цаг наргүй нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын орон тоо хүн хүч Засгийн газрын 153 дугаар тогтоолоор тогтоосон норм нормативоос доогуур, ялангуяа нийслэл хотод хүрэлцээ муутай, алба хаагчдын ажлын ачаалал хэтийдсэн гэмээр их байгаа ч манай алба хаагчид ард олныхоо амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тодорхой үр дүнд хүрч байна.

Мөн Монгол улсын Засгийн газар, харьяа яам, нутгийн захиргааны байгууллагуудаас цагдаагийн байгууллагын бодлого үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа явдал ч гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүнд эерэгээр нөлөөлж байгаа нь дамжиггүй. Энэ дашрамд манай улсад сүүлийн 2-3 жил гэмт хэргийн статистик үзүүлэлтүүд тогтмол эерэг буюу бууралттай гарч байна.

Танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсэж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Холбоотой мэдээ

Back to top button
Close