Хөрөнгө санхүүЭдийн засагЭх сурвалжFocus

Н.Ургамалсувд:”КОВИД19″-ийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хамгийн багадаа 1 нэгж хувиар саарна

Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.

Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болголоо. Хэдийгээр энэ үзүүлэлт сүүлийн 2 жилд байгаагүй сул түвшин болж байгаа ч яг өнөөгийн нөхцөлд бий болоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хангалттай дэмжлэг болж өгч чадах уу?

– Бүхий л Төв банкнууд бодлогын хүүг бууруулах замаар шоконд хариу үйлдэл үзүүлж байгаа. Тэгэхээр энэ нь хангалттай юу, үгүй юу гэдгийг нөгөө талаас нь асуувал бид энэ удаагийн шокийг гүйцэд таньсан уу, үгүй юу гэж болох юм. Одоогоор “КОВИД-19” вирусийн тархалтын цар хүрээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Түүний эсрэг авч буй улс орнуудын хариу арга хэмжээ нь 7 хоног тутамд өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ удаагийн шийдвэрийг хангалттай, эсвэл үгүй гэж шууд дүгнэхэд хэцүү. Яагаад гэвэл бид шокоо бүрэн хэмжээгээр хангалттай таньж дуусаагүй байна гэсэн үг. Тэгэхээр ямартай ч одоогоор ороод ирчихсэн байгаа шокийн хэмжээнд хангалттай гэж хэлж болно. Бид аль болох мөнгөний бодлогын хүүг шок хэлбэрээр бус бага хэмжээгээр, шат дараатайгаар бууруулах нь илүү үр нөлөөтэй гэж үздэг. Тийм учраас мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулсан нь дотоод эрэлтийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд дэлхийн 30 гаруй улсын Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж, хэт зөөлөн бодлого руу шилжиж байна. Тэгэхээр Төв банкнуудын бодлогын хүүгээ бууруулж байгаа шийдвэр нь яг ямар аюулаас сэргийлж, хамгаалж байгаа шийдвэр болох вэ?

– Ерөнхийдөө улс орнуудын нөхцөл байдал адилхан байгаа. Өөрөөр хэлбэл, Коронавирусийн тархалтын улмаас тодорхой хориг арга хэмжээнүүд тавигдсанаар үйлдвэрлэлүүд буурч байна. Үүнийг дагаад иргэдийн цалин орлого, хэрэглээ буурах эрсдэлийг үүсгэж байгаа. Тэгэхээр Төв банкнууд үүний эсрэг эрэлтийг дэмжих, хэрэглээг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын арга хэмжээг авч байна гэсэн үг.

Бодлогын хүүг аажмаар, алхам алхмаар бууруулах нь зөв гэж та хэллээ. Сая хуралдсан Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг нэгээс дээш нэгж хувиар бууруулах боломж байсан уу?

Дараагийн Мөнгөний бодлогын хорооны хурал 6 дугаар сард хуралдана. Үүнээс өмнө магадгүй ээлжит бусаар хуралдах магадлал байгаа юу? – Мөнгөний бодлогын газраас 0.5 нэгж хувиар бодлогын хүүг бууруулах саналыг Мөнгөний бодлогын хорооны хуралд танилцуулсан. Харин хорооны гишүүдийн саналаар 1 нэгж хувиар бууруулахаар болсон.

Бид яагаад мөнгөний бодлогын хүүг 1-ээс дээш нэгж хувиар бууруулахгүй байхыг илүүд үзэж байна вэ гэхээр үүний нөгөө талд бидний валютын урсгал багассан. Энэ үед төгрөгийнхөө өгөөжийг огцом бууруулах шаардлага байхгүй гэж үзсэн.

Хоёрдугаарт, бид бодлогын хүүнээс гадна бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Тэгэхээр нийлбэр нөлөөгөөрөө 1 нэгж хувиас илүү бууруулсан хэмжээнд үр дүнгээ үзүүлнэ гэж үзэж байгаа.

Бусад арга хэмжээнүүдийн хувьд хэрхэн тодорхойлж байна вэ?

– Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувь болгосон. Энэ нь банкуудын зээл олгох чөлөөт эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа. Энэ нь богино хугацаанд шууд үр дүнгээ өгөх бодлогын арга хэмжээ болсон. Нөгөө талаас заавал байлгах нөөцийг бууруулсан нь зээлийн өртгийг бууруулна. Өөрөөр хэлбэл, 100 төгрөг тутмын 10.5 төгрөгийг Монголбанкинд байршуулдаг байсан бол одоо 8.5 төгрөг болсон. Тэгэхээр энэ нь зээл гаргах төгрөгийн эх үүсвэрийн зардлыг бууруулж өгч байна. Гуравдугаарт, бид хүүний коридорыг нарийсгасан. Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулсан. Дээр нь хүүний коридорыг 1 нэгж хувиар бууруулахаар банкуудын санхүүжилт авах эх үүсвэрийн өртөг 2 нэгж хувиар буурч байгаа юм. Банкууд мөнгөн урсгалаа тооцоолсон байгаа.

Гэтэл Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор орох урсгал нь буурах эрсдэл өндөр байгаа. Гарах урсгал нь өндөр хэвээр байгаа үед орох урсгал нь багассанаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тийм учраас Монголбанк банкуудад олгох эх үүсэрийнхээ хүүг бууруулж, банкуудад хямд эх үүсвэр татах боломжийг нь нээж өгч байгаа юм.

Зээлийн эх үүсвэрийн өртгийг хямдруулах эрэлт хэрэгцээ их байх шиг байна. Тэгэхээр энэ арга хэмжээ валют талдаа ямар нөлөө үзүүлэх бол?

– Төгрөгийн ханш сулраад эхлэхээр пассивын долларжилт буюу доллараар хадгаламж хийх байдал нэмэгддэг. Энэ хандлага сүүлийн улирлуудад нэлээд ажиглагдаж байгаа. Тэгэхээр бид төгрөгийн заавал байлгах нөөцийг бууруулаад, долларын заавал байлгах нөөцийг бууруулаагүй шалтгаан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, бид долларжилтыг аль болох бууруулж, аль болох төгрөгөөр эх үүсвэр татах сэдлийг үүсгэхийг зорьж байгаа юм. Хадгаламжийн хувьд ийм байгаа бол зээлийн хувьд ханш суларч байгаа үед угаасаа л буурах хандлагатай байдаг. Энэ утгаараа зээлийн долларжилт буурч байгаа.

Инфляцын хувьд Монголбанкны зорилтот түвшнээс бага байгаа. Үүнд юу нөлөөлж байна вэ. Цаашдын төлөв нь ямар байна вэ?

– Эрэлтийн шалтгаантай инфляц өнгөрсөн жилүүдэд харьцангуй алгуур нэмэгдэх трэндтэй байсан. Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляц нь нийт Инфляцын хэлбэлзлийн дийлэнхийг тайлбарлаж байсан. Бид тухайн үед нь тайлбарлаж байсан. Махны үнэ, хатуу түлшний үнэ, шатахууны үнийн өсөлтүүд Инфляцын хэлбэлзэлд хүчтэй нөлөө үзүүлж байсан.

Энэ нөлөөлөл сүүлийн үед буураад байгаа. Ялангуяа шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурчихлаа. Дээрээс нь хатуу түлшний үнэ сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотойгоор тогтворжиж байна.

Харин махны үнийн нөлөө хэвээр хадгалагдаж байна. Махны үнийн хувьд өнгөрсөн 5, 6 дугаар сард гол өсөлт нь гарсан. Тэгэхээр суурь үеийн нөлөө арилах арай болоогүй байна. Дээрээс нь нэгдүгээр сарын сүүлийн 7 хоногт нэлээд өссөн. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар инфляц улсын хэмжээнд 6.4, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувьтай болж өссөн байгаа. Үүний дийлэнх буюу 2.3 нэгж хувийг махны үнийн өсөлт тайлбарлаж байгаа. Эрэлтийн шалтгаантай Инфляцын хувьд шинэ Коронавирусийн нөлөөллөөр буурна гэж харж байгаа. Тийм учраас бид нийт Инфляцын төсөөллийг бага зэрэг бууруулсан. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляц тодорхой хэмжээнд үүсэх эрсдэл бий. Гэхдээ хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нөөцийг харвал Монгол Улс энэ жил боломжийн хэмжээнд махны нөөцөө бүрдүүлсэн гэж байгаа. Тэгэхээр махны хувьд гайгүй байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Импортын зарим гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хувьд хилийн хориг удаан хугацаанд тавигдахтай холбоотойгоор нийлүүлэлтийн хэлбэлзэл үүсэх эрсдэл бий. Гэхдээ гурилын нөөц одоогоор хангалттай, мөн нэмэлт нөөц бүрдүүлж байна.

 Ерөнхийдөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хувьд харьцангуй гайгүй байгаа. Гол эрсдэл юу байна вэ гэхээр махны экспортын хувьд 3 дугаар сарын 30-ныг дуустал хориг арга хэмжээ тавьсан. Гуравдугаар сарын 30-наас хойш хориг арга хэмжээг цуцалсан тохиолдолд Хятадын талаас мах импортлох эрэлт нэлээд өндөр байгаа.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилд гахайн ханиад гарсан. Дээрээс нь шувууны ханиад гарчихлаа. Мөн “КОВИД-19”-ын тархалттай холбоотойгоор далайн гаралтай бүтээгдэхүүний эрэлт нэлээд буурч байна. Тэгэхээр бусад мах буюу хонь, үхрийн махны эрэлт нэмэгдэж байгаа. Тиймээс бидний хувьд үүнтэй холбоотойгоор нойтон махны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл махны экспортын хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

Төв банкны хувьд өндөржүүлсэн бэлэн байдал зургаадугаар сар хүртэл үргэлжилбэл, эдийн засгийн өсөлтийн хэмжээ 2.0 хувь хүртэл буурна гэж байсан. Үүнээс хойш эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

– Би ярилцлагын эхэнд хэлсэнчлэн бид шокоо бүрэн хэмжээнд таниагүй байгаа. Тэгэхээр төсөөллийг шинэчлэхийн тулд шокоо бүрэн хэмжээгээр, тоо хэмжээгээр илэрхийлэх шаардлагатай болно.

Глобал орчноос үүдэлтэйгээр “КОВИД-19”ийн эдийн засгийн нөлөө Монгол улсад аль аль сувгаар илүү орж ирэх магадлалтай байна вэ?

– Том дүр зургаар нь харвал бид ойрын хугацаанд шокоо таньж чадахгүй. Тэгэхээр бид хувилбар төсөөллүүдээ хийж байгаа. Одоогийн мэдээллүүдэд суурилаад, хамгийн багадаа ямар нөлөө үзүүлэх вэ. Хамгийн ихдээ ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг харахаар таны хэлсэнчлэн эдийн засгийн өсөлт хамгийн муугаар бодоход 2.3-2.5 хувь хүртэл буурахаар байгаа. Хамгийн сайнаар төсөөлөхөд эдийн засгийн өсөлт бидний өмнө нь төсөөлж байснаас 1 нэгж хувиар буурч, 4.14.2 орчимд хүрэхээр төсөөлсөн. Бодит амьдрал хамгийн муу болон хамгийн сайн төсөөллүүдийн дундуур, хаа нэг хэсэгт л тусах болов уу.

Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Back to top button
Close