Орон нутагЭрүүл мэнд

Эрдэнэт үйлдвэрийнхэнд “Нагбу гужор” эмийн үрэл бэлэглэв

Өнгөрсөн оны сүүлчээр Хятад улсад анхны тохиолдлууд нь илэрч, өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд буй корона вирус буюу “ковид-19” халдварын тархалттай хүн төрөлхтөн олон хэлбэрээр тэмцэж байна. “Ковид-19” өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр Улсын онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өнөөдөр тус үйлдвэрийн уурхайчдад “Срайдорж Номунхан” сангаас аюулт өвчнөөс хамгаалах “Нагбу гужор” буюу “Есөн харын найрлага” эмийн үрлийн дээжээс гардуулж өглөө.

Тодруулбал, есөн чухал эмийн найрлагаас бүтсэн 2600 ширхэг үрлийг Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан хувилгаан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярт гардуулав. Срайдорж Номунхан сан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, эхний ээлжинд тус үйлдвэрийн нийт ажилтны 40 хувьд нь энэхүү эмийн үрлийг бэлэглэж буйгаа энэ үеэр онцоллоо. Өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан хүний төлөө буяны ариун үйлс хийж буй Срайдорж Номунхан сангийнханд уурхайчдынхаа өмнөөс талархаж буйгаа  Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр илэрхийлсэн.

Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрлийн учир, зориулалтын тухайд Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан гэгээнтнээс тодруулахад ”Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрэл бол халдварт догшин өвчин, ялангуяа гэдэс дотрын өвчин, ад донгийн өвчин, лусын хорлол зэргийг амарлиулах, дарах тухайд 300 гаруй жилийн өмнө анх зохиогдож, бий болсон юм. Энэ үрэл нь өнөөгийн дэлхий нийтэд үүсээд буй хүнд цаг үед сүсэгтэн иргэд зүүж хэрэглэснээр амьсгалын замын болон нялхсын, таван цулын гээд бусад олон халдварт өвчнөөс амарлих нигууртай. Гол нь сүсэгтэн олон маань чин үнэн сэтгэлээр сүжиглэж, биширч зүүвэл үр дүнгээ өгнө. Зөвхөн гадна талаас үрэл зүүгээд дотоод бие, хэл, сэтгэл гурвын үүднээс ирэх өвчнийг төдийлөн амарлиулж чадахгүй. Биеийн үүд буюу гадаад барцдаас хамгаалахад зохицох ч хамгийн чухал нь бие сэтгэлээрээ сүжиглэж биширч хэрэглэх нь аюулт өвчнөөс амарлиулах тусыг өгнө” гэж тайлбарлав.

Срайдорж Номунхан сангаас “Нагбу гүжор” үрлийг Эрдэнэт хотын 110 мянган иргэдэд зэрэг тараах боломжгүй, нөгөө талаас бүгдэд өгөх шаардлагагүй бөгөөд гол нь чухаг дээд гуравт сүжиг бишрэлтэй иргэддээ тараахыг зорьж байгаа аж. Сүсэгтэн олон хэрэв энэ үрлийг хүртвэл ариун нандин хадгалж, зохих журмын дагуу хэрэглэж чадвал өвчин зовлон холуур одох магадлал буй болно. 14 дүгээр Далай ламын зарлигийн дагуу нийт сүсэгтэн олон Ногоон дарь эх, Манал бурхны тарнийг олонтоо уншиж, бурхан номын газарт хуруулж, даган баясах үйлийг үйлдэх аваас гамшигт өвчнөөс ангид оршиж чадна. Энэ лүндэнг чадах чинээгээрээ барьж, бүтээхийг чармайх хэрэгтэй гэдгийг тус сангийнхан зөвлөлөө.

Холбоотой мэдээ

Back to top button
Close