Өнгөрөгч 02 дугаар сарын 29-ны өдөр Франц-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн Б-ээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг олж тогтоожээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хориглолоо.
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулахыг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө.
Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүдээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Халдвараас урьдчилан сэргийлэхийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, шалган нэвтрүүлэх товчоодоор яаралтай тусламж авах, зайлшгүй албан ажлаар нэвтрэх иргэдээс нэг бүрчлэн асуумж авч биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл ахуй байдал, хамгаалах хэрэгслээр хангаж ажиллахыг холбогдох албаныхан анхаараарай” гэдгийг онцолж хэллээ. Түүнчлэн иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байж, хувийн ариун цэврийг сайтар хангахыг уриаллаа.