ЕрөнхийлөгчГадаад харилцааВидеоУлс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсын Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд болсон ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Эрхэм хүндэт Сооронбай Шарипович,

Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо, найз нөхөд өө.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулж, биднийг халуун дотноор хүлээн авч буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Сооронбай Шарипович Жээнбеков Танд гүн талархал илэрхийлье. Монгол түмний дотнын анд, түүх, соёлын эртний хэлхээ холбоотой Киргиз улсад зочилж байгаадаа баяртай байна.

Киргиз Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах хугацаандаа тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Хатагтай ноёд оо, найз нөхөд өө

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг юм. Тиймээс бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс ач холбогдол өгч ирсэн билээ.

Үүний нэгэн илэрхийлэл нь ШХАБ-ын дээд түвшний уулзалтад манай улсын төрийн тэргүүн нар тогтмол оролцож ирсэн явдал бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 2 дахь удаагаа оролцож байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй бусад олон талт уулзалт, арга хэмжээнд манай улс идэвх чармайлттай оролцож ирлээ.

Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж байгаа талаар Та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна.

ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээж авч байна.

Хатагтай, ноёд оо,

Бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт байсаар ирсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил бий болгоход Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг хангах явдал чухал гэж бид үздэг. Хэдхэн хоногийн өмнө “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурлыг бид амжилттай зохион байгуулсан. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой, нээлттэй механизм болон төлөвшиж байгааг Та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

Дээрх бага хурлаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа юм. Монгол Улс нь эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд үр ашигтай, хямд өртөг бүхий үйлдвэрлэл явуулах өргөн боломжтой. ОХУ-ын Владивосток хотод 2018 оны 9 дүгээр сард болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ би Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулан, тодорхой механизм бий болгох санал тавьсан билээ. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны хэлбэрүүд нь бүс нутагт энх тайвныг хадгалах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит тавдугаар уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцана. Гурван талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг тодорхой асуудлаар ахиц, дэвшил гаргах нь зөвхөн оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй.

Манай улсын төмөр замын төв коридороос баруун зүүн тийш тус бүр 500 орчим км шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил саяхан эхэллээ. Энэ төмөр замыг мянга гаруй км үргэлжлүүлэн манай улсын баруун хязгаарын Бургастай хилийн боомт хүргэж, Хятадын Шинжан Уйгурын Лаое-Мяо хилийн боомт руу холбох төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл, Та бүхэн Монголын нутгаар дамжин дэлхийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж буй Зүүн Азийн зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэсэн үг юм.

Улаанбаатараас 1400 гаруй км алслагдсан баруун хязгаар болох аймгийн Ховд хотоос Казахстан, Узбекистан зэрэг дөт гарц нээж, эхний ээлжинд халал мах тээвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү гарцыг ашиглан Төв Азийн улс орнуудад хонины мах, бусад бүтээгдэхүүн тээвэрлэх боломж нээгдэж байна.

Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг олон салбарт Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөөх ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх болно.

Энэ ялдамд ШХАБ-ыг даргалах дараагийн эрхийг авсан ОХУ-ын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close