ЕрөнхийлөгчВидеоУлс төр

Европын Холбоо болон түүний гишүүн улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Европын холбоо болон түүний гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзав.

Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалт 11 дэх удаагийнх бөгөөд өнөөдөр, маргааш Улаанбаатар хотод болж өндөрлөнө.

Уулзалт нь Европын Холбооны гишүүн улсуудаас тус улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нар Улаанбаатар хотноо цуглан Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтын ажиллагааны талаар санал солилцох боломжийг олгодог билээ.

OTGO0392

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын гишүүд Элчин сайд нарт мэдээлэл хийж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеа болон 20 улсын Элчин сайд,  6 улсын Элчин сайдын яамны Түр хамаарагч нар оролцож байгаа юм.

Ингээд уламжлалын дагуу Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Элчин сайд, төлөөлөгчидтэй  дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Элчин сайд нарт баярын мэнд дэвшүүллээ.

Мөн үдээс өмнө Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, сонирхсон асуудлаар тодорхой мэдээлэл авч, санал солилцсон байх гээд өөрийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал, “Бүс ба зам” санаачилга, дотоодын хууль эрхзүйн орчинд гарч буй өөрчлөлт зэргийг сонирхон асууж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх асуудлаар тогтож ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэр тус улсын дарга Ши Жиньпин БНХАУ импортлогч улс болж буйгаа зарласан нь анхаарал татаж, хил залгаа манай улсын экспортыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн харж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Экспортын олон боломж байгаа дотор хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар БНХАУ, бүс нутагтаа бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж үзэж буйгаа Төрийн тэргүүн танилцуулав.

Ингэхдээ манай улсын эдийн засгийн уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар төдийгүй боловсруулах салбарыг түшиглэн хамтын ажиллагаа өрнүүлж, Европын улс орнуудаас дэвшилтэт технологи, нөү-хау, мэдлэгийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах замаар бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд төдийгүй манай хөрш орнуудын зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий гэж үзэж байгаагаа хэллээ.

Харин Элчин сайд нар эдгээр чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоог судлан анхаарч ажиллахаа хэлсэн юм. Мөн энэ хүрээнд ирэх намар Европын холбооны улсуудын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг дотоодын компаниудтай холбох, экспортын боломжийг нэмэгдүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүдийг оролцуулан хамтарсан өргөн хүрээний уулзалт зохион байгуулах асуудлаар нааштай ярилцаж, харилцан ойлголцолд хүрэв.

Мөн Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” санаачилгыг сонирхож, энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Элчин сайд нарыг анхаарч ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close