УИХЕрөнхийлөгчВидеоУлс төрШинэ мэдээ

“УИХ-ыг тарах шийдвэр гаргахыг би дахин уриалж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын дарга аа,

Миний бие энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих юм.

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ.

Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан Миеэгомбын Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна.

Ийм учраас би УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 – дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна.

Эрхэм гишүүд ээ,

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд үүнийг нэхэн сануулъя.

  • Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон.
  • УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон.
  • Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл.
  • УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна.

Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.

Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа.

Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.

Эрхэм гишүүд ээ,

Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй.

Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун.

Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close