УИХЕрөнхийлөгчВидеоУлс төр

Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн билээ.

Мөн өнөөдөр УИХ-ын холбогдох байнгын хороо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлагчийн илтгэлийг уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Эрхэм УИХ-ын гишүүдэд энэ оройн мэндийг хүргэе.

Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авилгатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоог бүрдүүлжээ. Ялангуяа 2013-2017 оны хооронд дээрх байгууллагуудын удирдлагад томилогдсон  албан тушаалтнууд үүнд шууд хамрагдаж байна.

Хууль, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон  албан тушаалтандаа үйлчилдэг улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш “дээрээс ирсэн” зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулдаг үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.

Шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй байдал, гэмт хэргийг гэмт хэрэг биш болгож хаацайлдаг жишиг олон жилийн турш үргэлжилж өнөөдөр хэвийн мэт ойлгогддог боллоо. Түүнчлэн хуулийн байгууллагын алба хаагчид хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, хэрэг хүлээлгэхдээ эрүүдэн шүүх хууль бус арга хэрэглэж байсан нь Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцийг ноцтойгоор зөрчсөн нотлох баримтууд шинээр илэрч эхэллээ. Энэ конвенцийн дагуу Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг бүх арга хэрэгслийг устгах, таслан зогсоох хуулийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах үүрэг хүлээсэн байдаг.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг, мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас зээл авч олон зуун сая ам.долларын өрөнд оруулсан хэрэг, Тавантолгой нүүрсний ордыг хуйвалдан гаднынханд олон жилээр өгөхийг завдсан хэрэг, эзэд нь тодорхой, үнийн дүн нь тодорхой олон зуун тэрбум төгрөг зарцуулсан боловч утаа буураагүй “утаагүй зуухны” хэрэг, төрийн албыг мөнгөөр арилжсан “60 тэрбум”-ын хэрэг, Шинжан Шинфан компаниар 20 тэрбум төгрөг гаргуулж 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд зарцуулсан хэрэг, Багануур ДЦС-ын концесс, Салхитын мөнгөний орд болон түүнтэй холбоотой шүүгч нарын хэрэг, төрийн тэргүүн байсан хүний гэрээс хулгайгаар алдагдсан зураг гарч ирсэн гэх хэрэг, оффшор бүсэд мөнгө байршуулсан хэрэг гэх мэт иргэдийн эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж, шийдэж чадахгүй байна.

Төрийн албаны тухай хууль тогтоомжид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй бол хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан хаагчийг ажлаас чөлөөлдөг, хариуцлага тооцдог тогтолцоо байгаа. Гэтэл дээр дурдсан хэргүүдийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага ногдуулж чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өнөөдөр хараат бус байдал гэсэн хуулийн хамгаалалтан дор хариуцлагаас нуугдаж байгаа нь цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилсан болно.

Мөн Засгийн газрын хуралдаанаас гаргасан саналыг тусгасан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн дагуу Улсын Их Хурал нь төрийн гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх үүргийн дагуу нэн яаралтай горимоор хэлэлцэн баталж өгнө үү гэж хүсье.

Баярлалаа” гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments

Танд таалагдах

Close
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close