Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Малынхаа үүлдэр угсааг сайжруулж, айл өрхүүдийг малжуулсан малчид Улсын аварга боллоо

Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдрийнх болгожээ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Дамдины Баярсайхан Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, мал сүргийнхээ чанар үүлдрийг улам сайжруулж, олон залууст малч ухаанаа өвлүүлж сургахыг хүссэн юм. Малчин Д.Баярсайхнынх 2018 оны эцэст 5273 толгой мал тоолуулж “Мянгат малчин”-ы амжилтаа 12 жил дараалан бататгажээ.

Малын тоо толгойгоо өсгөөд зогсохгүй, мал сүргийнхээ чанар, удам угсааг байнга сайжруулж Үзэмчин үүлдрийн хуц, Баяндэлгэрийн улаан үүлдрийн ухна, Түмэнцогт сумын Дорнод талын махны хэвшлийн бухыг үндсэн сайжруулагчаар ашиглаж мал сүргээ шилмэл үүлдэр, омгийн цөм сүргийн малаар 100 хувь бүрдүүлсэн байна.

Улс, бүсийн гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож үзэмчин үүлдрийн хуцаар 2,3-р байр эзлэж байсны дээр жил бүр 50-150 өсвөр хээлтүүлэгчийг үржлийн зориулалтаар бойжуулж сум, багийн иргэддээ өгч ашиглуулдаг аж.

Хээлтэгч малын өсөлтийг жил бүр тогтвортой нэмэгдүүлж нийт сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 42.6 хувь, бог малд 55.8 хувь, нийт сүрэгт ямааны эзлэх жинг 21.6 хувьд хүргэж сүргийн зохистой бүтцийг бүрдүүлсэн байна.

Сүүлийн 5 жилд 1938 толгой малыг үржлийн зориулалтаар худалдаж, 6378 толгой малыг зах зээлд борлуулж, МАА-н түүхий эд бүтээгдэхүүнээс 1791,4 сая төгрөгийн орлого олж 635,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Бага дунд орлоготой буюу мал цөөтэй 20 шахам өрхөд 1629 толгой малыг малжуулахаар олгож, орон нутгийн бүтээн байгуулалтанд 134.3 сая төгрөгийн хандив өгсөн. Жил бүр малдаа 150-200 тн өвс, 30-40 тн хүчит тэжээл худалдан авч, 20-30 тн хужир шүү, 5.0 тн гар тэжээлийг өөрсдийн хүчээр бэлтгэж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад 18.0 сая төгрөг зарцуулж өөрсдийн хүчээр 3 гар худаг шинээр гаргажээ.

Жил бүр мал сүргээ эрсдэлээс хамгаалах индексжүүлсэн даатгалд хамруулж байдгийн дээр сүүлийн 5 жилд 5199 толгой малыг 5540,0 мянган төгрөгөөр даатгуулсан байна.

Тэрээр өөрийн малч арга ажиллагаа, ажлын туршлага, мэдлэг чадвараа залуу малчдад зааж, үлгэрлэн дагуулж ажилладаг. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүлээрээ 2002 онд МУЗН-ийн онцгой гишүүнээр элсэж байгалийн гамшигт өртсөн улс орон, иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж сэтгэлийн буян өргөжээ.

Ийнхүү тасралтгүй мал маллаж өөрийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд 2007 онд мянгат малчин, 2008 онд сумын сайн малчин, 2009 онд сумын алдарт уяач, 2011 онд аймгийн сайн малчин, 2014 онд Улсын сайн малчин, 2018 онд ХХАА-н салбарын шилдэг тохилог хашаа хороотой малчин, хот айлаар шалгарч нутгийн зон олондоо үлгэр дуурайлал үзүүлж, бүтээлчээр хөдөлмөрлөсөөр иржээ.

Д.Баярсайханы мал маллагааны өвөрмөц арга барил, тогтвортой ажлын амжилт, мал аж ахуйн уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэн түгээж, хүнсний аюулгүй байдал, орон нутгийнхаа  тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр зэргийг үнэлэн “Монгол Улсын хошой аварга” малчнаар шалгаруулаад байна

Д. Баярсайхан нь 1959 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн.  1999 оноос 135 тоо, толгой малтайгаар мал аж ахуй эрхэлж жил бүр мал сүргээ 102.1-115.9 хувиар тогтвортой өсгөж, 100 эхээс 96.3-102.2 хувиар төл бойжуулжээ. Тэрбээр нутгийн ард түмнийхээ дунд нэр хүнд сайтай, ажилч хичээнгүй, хөдөлмөрч бусдад сэтгэл харамгүй тусалдаг малчин юм.

Улсын аварга малчин Ш.Өвгөнхүү нь хоёр өрхийг 700 гаруй толгой малаар малжуулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн малчин Шагдарын Өвгөнхүүд Улсын аварга малчин цол тэмдгийг нь гардуулж өглөө.

Ш.Өвгөнхүүгийн хөдөө аж ахуйн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөрч зан чанар, залуу малчдыг дэмжиж, айл өрхүүдийг малжуулж, малаа таван төрөлд өсгөж, сум орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцсоор ирснийг үнэлж “Монгол Улсын аварга малчин” цол тэмдэгэээр шагнав.

2018 онд бодод шилжүүлснээр 547 толгой буюу 1616 мал тоолуулж оны эхний малаа 102,9-112,9 хувиар өсгөж Мянгат малчны амжилтаа 10 жил дараалан бататгаж, хээлтэгчийн хувийн жин бог малд 55,3 хувь, бод малд 39 хувь, 100 эхээс жил бүр 115-120 хувиар төл бойжуулжээ.

Мал сүргийнхээ чанар, удам угсааг сайжруулж Үзэмчин, Барга үүлдрийн хуц, Баяндэлгэрийн улаан үүлдрийн ухна, Түмэнцогт сумын махны хэвшлийн Дорнод талын улаан үхрийг үндсэн сайжруулагчаар ашиглаж нэг малаас авах ашиг шимийн үзүүлэлтийг дээшлүүлсэн байна.

 Сүүлийн 3 жилд 170 толгой малыг үржлийн зориулалтаар худалдаж, 720 толгой малыг зах зээлд борлуулж, мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнээс 253,2 сая төгрөгийн орлого олж 89,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мал цөөтэй 2 малчинд 727 толгой малыг малжуулахаар олгож, нийгмийн сайн сайхан, орон нутгийн бүтээн байгуулалтад 16,5 сая төгрөгийн хандив олгосон байна.

Ш.Өвгөнхүү нь малынхаа чанарт анхаарч ажиллахын зэрэгцээ нутаг бэлчээрийг зөв сонгон дөрвөн цагийн эргэлтэд отор нүүдэл хийж, малдаа дундаас дээш тарга хүч авахуулан төлөө бүрэн бойжуулж, малынхаа чанар ашиг шимийг сайжруулах, Мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд малаа бүрэн хамруулан эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл таваарлаг мал өсгөн үржүүлэх бодлого барьж ажилладаг малчин юм.

Мал сүргээ эрсдэлээс хамгаалах индексжүүлсэн даатгалд тогтмол хамруулж сүүлийн 3 жилд 3271 толгой малыг 2450,0 мянган төгрөгөөр даатгуулжээ.

Ш.Өвгөнхүү нь 2008 онд “Сумын сайн малчин”, 2011 онд “Аймгийн сайн малчин” цол тэмдгээр тус тус шагнуулж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close