Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

П.Пүрэвлхагва: Иргэдийн хашааны газрыг бизнесийн эргэлтэд оруулах эхний алхам болог л дээ

Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар аймаг, орон нутагт “Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан”-г байгууллаа. Ингэснээр иргэдэд 18 сарын хугацаатай, эхний 12 сард нь эргэн төлөлтгүй, хүүгүй, “барьцаагүй” хоёр сая хүртэлх төгрөгийн зээл олгох сан бий болжээ.

“Гарааны үйлдвэрлэл 2019 өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан” гэсэн албан ёсны нэртэй энэхүү сан 7 хүний бүрэлдэхүүнтэй, тэргүүнээр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ажиллаж байна. Сангийнхан өнгөрсөн хугацаанд иргэдэд сургалт, зөвлөгөө өгч түүнийхээ дараа зээлийн төсөл авчээ.

2018 оны эцсээс эхэлсэн төсөл авах ажилд нийт 73 иргэн саналаа өгсөн байна. Тэдний ирүүлсэн 73 төслийг Сангийнхан хянаад 19-д нь хүүгүй, “барьцаагүй” хоёр хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор болжээ. Сан байгуулах зөвшөөрлийг ийнхүү аймгийн ИТХ соёрхон баталснаар иргэд хоёр сая хүртэлх төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, хүүгүй, “барьцаагүй”, эхний 12 сард нь эргэн төлөлт хийхгүй хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломж бүрдэж байна. Сангийн мөнгөн хөрөнгийг “Шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-ын 2018 оны татварын дараахь ашиг болох 140 сая төгрөгөөр байгуулав.  Бичил бизнес эрхлэгчдэд гарааны бизнесийг нь дэмжих зорилгоор 50 хүртэлх сая төгрөгийг төслийн үнийн дүнгийн 40 хувьд олгох юм байна.

Аймгийн ИТХ дээр төлөөлөгчид энэ сан байгуулахыг дэмжиж байлаа. Харин  барьцаатай байх уу, барьцаагүй байх уу гэдэг дээр зарчмын зөрүүтэй санал гарсан юм.

Тухайлбал, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Барьцаагүй зээл байна гэсэн ойлголт байхгүй. Тэгээд ч орон нутгийн өмч хөрөнгийг барьцаагүй олгох гэдгийг анхаарах хэрэгтэй. Барьцаагүй гэдгийг нь өөрчилж барьцаатай зээл гэж оруулъя. Бидэнд гарц байна. Энэ зээлийг олгохдоо барьцаанд нь иргэдийнхээ өмчилж авсан хашааны газрыг авч болно шүү дээ. Ингэснээр тухайн иргэний газар үнэтэй болно.

Өнөөдөр ямар ч банк хашааны газрыг барьцаанд авдаггүй. Бид энэ сангийн зээлийн барьцаанд хашааны газрыг нь авсанаар тухайн иргэний газар үнэтэй болно, бизнесийн эргэлтэд орно. Ингэж иргэдийнхээ газрыг үнэтэй болгоё, эргэлтэд оруулах эхний алхамыг хийе л дээ, яадгийм” хэмээсэн юм. Ийнхүү П.Пүрэвлхагва даргын зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж олонхи дэмжсэнээр “Гарааны үйлдвэрлэл 2019 өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан”-гийн зээл хүүгүй байх ч барьцаатай байхаар боллоо.

Зээл олгох сангийн тэргүүн А.Түвшинжаргал “Монгол улсын Засгийн газраас иргэддээ Итгэлийн зээл олгоно гэж  Мөрийн хөтөлбөртөө оруулсан. Өнөөдрийг хүртэл Итгэлийн зээлийн Журам гарч ирээгүй байна. Уг нь бид энэ санг байгуулахдаа Итгэлийн зээлийн хүрээнд аймаг, орон нутаг иргэддээ хүүгүй, барьцаагүй зээл олгож яагаад болохгүй юм бэ гэж бодоод л ингэж оруулсан юм” хэмээн тайлбарлаж байв.

Бизнесийн харилцаанд орж буй хэн ч гэсэн зээл авсан, өгсөн тохиолдолд хүү нь байг гэхэд барьцаа гэсэн ойлголт заавал байдаг. Барьцаагүй зээл нь зээлдэгчийг нэг талаар хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг ч бүрдүүлж болдог.

Ер нь тэгээд ч социализмын үед иргэдэд зээл олгохдоо барьцаа авч байсныг өнөөгийнхөн нэг их сайн мэдэхгүй.

Тиймээс  аливаа зээлийг  олгож байгаа тохиолдолд заавал барьцаа авдаг бизнесийн алтан зарчмаар явахгүй бол А.Түвшинжаргал тэргүүтэй Сангийн 7 гишүүн төдийгүй Барьцаагүй зээл олгохоор гар өргөн баталсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс төр зээлээ төлүүлэх аян өрнөх ч нөхцөл бүрдэж мэдэх байлаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close