Энэ сардЭдийн засаг

Д.Мягмарсүрэн: Сөүлийн чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн

Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Саяхан Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн давтамжийг нэмсэн нь уг чиглэлд зорих иргэдийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн энэ цагт чухал шийдвэр боллоо?

-Монгол Улсын хувьд Бүгд найрамдах Солонгос улстай агаарын харилцаа нилээн өргөжин тэлж, жилээс жилд хамтран ажиллах хэлэлцээр үр дүнд хүрсээр байна. 1991 онд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хооронд хоёр орны нутаг дэсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийг байгуулснаас хойш 1998 онд маршрутын хуваарийг тогтоож, багтаамжийг долоо хоногт 3-аас ихгүй давтамжтайгаар 500 зорчигчийн суудалтай байхаар тохирсон байдаг.

Үүнээс хойш 2003 онд давтамжийн тоо долоо хоногт зургаа болж нэмэгдэж, зорчигчдийн тоо 800 орчим давсан. Монгол улсын иргэд БНСУ-ыг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Сөүлийн чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Бид энэ хугацаанд 10 орчим удаа Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн багтаамжийг харилцан ашигтай байдлаар тохиролцох уулзалт хэлэлцээг хийсэн боловч тодорхой үр дүн гарч байгаагүй юм.

Тэгвэл 2018 оны арванхоёрдугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-д ажлын айлчлал хийхдээ дээрх шийдвэрлээгүй асуудлын талаар БНСУ-ын талтай нилээн өргөн хүрээний уулзалт хийснээр дээрх чиглэлийн давтамж, зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдсэн юм. Ингээд нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо хийсэн хоёр талын уулзалт, хэлэлцээний дүнд агаарын харилцаан дахь хамтын ажиллагаа улам тэлэх нөхцөл бүрдээд байна.  

Энэ хэлэлцээрийн дүнд Улаанбаатар-Сөүл хоорондын нислэгийн давтамжийг Монголын талаас долоо хоногт 11 хүртэл, Солонгосын талаас долоо хоногт ес хүртэл байхаар, мөн суудлын тоо агаарын хөлгөөс хамааран нэг талаас 1548-1656 хооронд байсныг тус тус 2500 хүртэл суудал байхаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл давтамж, зорчигчдын тоо ийнхүү нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгаа юм. Мөн хэлэлцээрийн хүрээнд шийдэгдсэн нэг гол ажил бол БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулахаа мэдэгдсэн явдал юм.

-Улаанбаатар-Сөүл чиглэлээс гадна Бусан чиглэлийн давтамжийг нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл байсан?

-Тийм ээ, БНСУ-ын Бусан хот руу зорчих хөдөлгөөн огцом нэмэгдсэн. Иймд Улаанбаатар-Бусан чиглэлийн нислэгийг долоо  хоногт хоёр удаагийн давтамжтай, 162 хүртэл суудалтай Боинг 737, Эйрбас А320, А321 маягийн агаарын хөлгөөр үйлддэг байсныг хоёр талаас тус бүр нэг давтамжаар нэмэгдүүлж долоо хоногт гурван удаагийн давтамжтай, 195 хүртэл суудалтай агаарын хөлгийн маяг харгалзахгүй үйлдэхээр талууд харилцан тохиролцоонд хүрээд байгаа.

Түүнчлэн хоёр улсын гадаад худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор, мөн энэ оны долоодугаар сараас Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан дан ачаа тээврийн нислэгийг Улаанбаатар-Сөүл чиглэлд энэ удаагийн хэлэлцээрээр долоо хоногт тав хүртэл давтамжтай байхаар шинээр харилцан тохиролцсон. Өөр нэг шинэ тохиролцоо бол захиалгат нислэгийг тогтоосон шугамд /маршрутад/ зөвхөн томилогдсон агаарын тээвэрлэгчдэд олгохоор боллоо.

Хэлэлцээрийн эцэст хэлэлцэн тохиролцогч талууд жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан тухайн жилийн тээвэрлэлтийн бодит эрэлт хэрэгцээг харгалзан тохиролцсон шугамд нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх эсэх талаар харилцан зөвшилцөж байхаар болсон.

-Агаарын харилцаа ийнхүү өргөжиж байна. Энэ хэлэлцээрийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Энэ удаагийн хэлэлцээр бол ихээхэн ач холбогдолтой. Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэгийн давтамж, багтаамж  зөвхөн монголын талаас долоо хоногт таван давтамжаар, суудлын тоо 1000 орчим /952 суудал/-оор нэмэгдснээр энэ чиглэлд хоёр улсын агаарын тээвэрлэгчид жилдээ нийт 94 мянга орчим суудлыг зах зээлд нэмж гаргах боломжтой болсон. Түүнчлэн БНСУ-ын талаас хоёрдогч агаарын тээвэрлэгч орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж зах зээлд гаргах нэгж суудалд оногдох зардлыг бууруулах бөгөөд зах зээлийн зарчмаар өрсөлдөөн бий болон үнэ тариф тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна.

Улаанбаатар-Бусаны нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсний дүнд энэ чиглэлд зах зээл хоёр талаас жилдээ нийт 10 мянга 300 орчим суудлаар нэмэгдэнэ. Хоёр улсаас томилогдсон агаарын тээврийн байгууллагууд гуравдагч талтай аялалын дугаар хуваан ашиглах зохицуулалтын үр дүнд хоёр талын агаарын тээврийн байгууллагуудын нисэн очихоор тохиролцсон цэгээс цааших чиглэлд гуравдагч улсын агаарын тээврийн байгууллагатай аялалын дугаар хуваан ашиглан нислэг үйлдэх эрх нээгдэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Сөүл хотоос цааших нислэгт бусад улсын агаарын тээвэрлэгчидтэй аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтад орох манай дотоодын агаарын тээвэрлэгчид тэдгээр улсуудын иргэний нисэхийн байгууллагуудын холбогдох шаардлагуудыг хангаснаар нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, коммер болон маркетингийн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зэрэг сонголтууд нээгдэх юм.

Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бусан чиглэлд хэдийгээр нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлж тохиролцсон боловч зуны оргил ачаалалтай үе болох 6-8 дугаар сард зорчигч тээврийн эрэлт маш өндөр байдаг. Тиймээс энэ эрэлт хэрэгцээг тухайн үед нь хангаж байх нэмэлт нислэгийн зохицуулалтыг хадгалж үлдсэн.

Захиалгат буюу чартер нислэгийн зөвшөөрлийг Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бусан чиглэлд зөвхөн томилогдсон агаарын тээвэрлэгчдэд олгох ба бусад чиглэлд томилогдоогүй агаарын тээвэрлэгчид үйлддэr байхаар тохирсон явдал бол нэг талаас дурдсан хоёр чиглэлд томилогдсон агаарын тээвэрлэгчдийн эрх ашгийг харгалзсан, нөгөө талаас зөвхөн энэ хоёр хотоос гадна бусад чиглэлээс захиалгат нислэг буюу чартер нислэгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийг дэмжсэн алхам болсон.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close