НийгэмУлс төр

Жагсаалд 25 мянган иргэн оролцжээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж Сүхбаатарын талбайд “МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ МОНГОЛ ТҮМНИЙ НЭГДЭЛ” жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалд 25 мянган иргэн ирж оролцсон гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

Тус жагсаалын үеэр сүмогийн их аварга Д.Дагвадорж, СТА Дэлгэрмөрөн тэргүүтэй хэд, хэдэн олны танил хүн оролцож үг хэлсэн юм.

Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсноор УИХ, Байнгын хороод цаашлаад Монгол төрийн үйл ажиллагаа тасалдахад хүрсэн гэж үзэж буйгаа энэ үеэр илэрхийлжээ. Мөн М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж 72 цагийн дотор албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг шаардаж хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол орон даяар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

Тэд шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулж өгөхөөр өрөөнд нь ирсэн ч хаалгаа нээж өгөөгүй юм. Тиймээс УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмонд шаардлагыг гардуулан өгсөн юм. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Шаардлагыг хүлээж авлаа. УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө гэж бодож байна. УИХ-ын даргын өрөө цоожтой биш нээлттэй байгаа бөгөөд энэ өрөөнд ажлын албаныхан ажиллаж байна. УИХ-ын дарга өрөөндөө эзгүй ч, ордонд ажиллаж байгаа” хэмээлээ.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close