
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлогдлоо.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 11 цаг 10 минутад гишүүдийн ирцийн байдлыг танилцуулахад нийт 75 гишүүнээс одоогоор гадаад томилолттой 6, орон нутагт ажиллаж байгаа 1, эмнэлгийн чөлөөтэй 1, албан ёсоор чөлөө авсан 1 гишүүн байгаа бөгөөд чуулганы нэгдсэн оролцох ёстой 66 гишүүнээс 29 нь чуулганы хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн байна.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон байгаа. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед хуулийн төслийг өргөн барьсан сайд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж, хэлэлцэж буй асуудлыг орхиж гарснаар асуудал хэлэлцэгдэж чадалгүй өнөөдрийг хүрээд байна. Иймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар энэ асуудалд нухацтай хандаж, холбогдох сайд, Засгийн газрын гишүүдээ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулах шаардлагатай байгааг сануулав.
Мөн Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудал гишүүдийн ирц бүрдээгүйгээс тав дахь удаагаа хойшлогдож, хууль зөрчигдөхөд хүрээд байна. Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэлгүй тав дахь удаагаа хойшлогдож байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий хяналтын сонсгол явуулах тов, сонсгол даргалагчийг сонгох, ажиглагчаар оролцох хүний тоо, сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар бас хойшилсон.
Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод өнөөдрийн байдлаар чуулганы 5 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны 3 удаагийн хуралдаан хойшлогдоод байгааг хуралдаан даргалагч мэдэгдээд ирцээ бүрдүүлж, хэлэлцэхээр хуваарьт тусгагдсан асуудлуудаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг Байнгын, дэд хорооны дарга нар болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга нарт анхаарууллаа.