35 мянган хүүхэд гэр бүлээсээ хол амьдарч байна
Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн эрх-хөгжил II” төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр Хөвсгөл лайке зочид буудалд боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, оролцох, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүүхдийн эрх-хөгжил” төслийг Норвегийн тусламжийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2009 оноос 2 үе шаттайгаар Ховд аймагт, 2014 оноос Баян-Өлгий аймагт хэрэгжүүлжээ.
Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэдгээрийн дийлэнх нь өдөр тутам гэрээсээ хичээлд явах боломжгүй учраас сургуулийн дотуур байранд амьдардаг. Улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна. Ховд аймгийн 17 сум, Баян-Өлгий аймгийн 13 сум, 16 багт нийтдээ 46 дотуур байр бий.
Өнгөрсөн арваад жилийн хугацаанд хүүхдэд ээлтэй дотуур байрыг бий болгохын төлөө олон үр дүнтэй, бодитой ажлууд хийгдэж, Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд, холбогдох журам, шийдвэрүүд батлагдсан бөгөөд одоо дотуур байрны стандартын төсөл хэлэлцэгдэж байна.
Түүнчлэн дотуур байрны орчин нөхцөл сайжирч, хүүхэд хамгааллын асуудалд өөрчлөлт гаран, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, тогооч, үйлчлэгч гэх мэт нийм ажилтнуудын хандлага харилцаа сайжирч, хүүхүүдийн идэвхи оролцоо дээшилжээ.
“Хүүхдийн эрх-хөгжил II” төслийн хаалтын ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Раяа “Дотуур байрны хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн хамтын ажиллагаа, дэмжлэг”, Ховд аймгийн Зэрэг сумын дотуур байрны багш Ц.Тунгалаг “Дотуур байранд гарсан өөрчлөлт, үр дүн”-гийн талаар тус тус мэдээлэл хийлээ. Дараа нь “Хүүхдийн эрх-хөгжил II” төслийн эцсийн үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг судлаач С.Энхтуяа танилцуулж, санал солилцов.
Төгсгөлд нь “Хүүхдийн эрх-хөгжил II” төслийн зөвлөх Карен Колбан Хоел “Зургаан настай хүүхэд дотуур байранд . . .” гэсэн судалгааны дүнг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг маш их татав.
Дээр дурдсан илтгэл, судалгаанууд нь цаашид улсын хэмжээнд дотуур байрны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг БСШУСЯ, ХНХЯ-ны болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох хүмүүс онцлон тэмдэглэж байлаа.