Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цахимаар авах боломжтой боллоо


Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой боллоо. Emneleg.mn вэб, аппликэшн бий болж, хэрэглээнд нэвтрүүллээд байна.
Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа гүйцэтгэсэн тус аппликэшн нь ашиглахад бэлэн болсон байна. Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг нэгдэж, мэдээ мэдээллээ ирүүлж, үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн болжээ.
Тухайлбал, эдгээр эмнэлгийн байршил, ажиллах цагийн хуваарь, үзүүлж буй үйлчилгээ, өвчний зовиурийг тодорхойлох асуулт хариулт, мэргэжлийн эмчийн 147 төрлийн зөвлөгөө зэрэг мэдээллийг тус тус нэг дороос авах боломжтой аж.
Emneleg.mn-ийн менежер Т.Алтанзул хэлэхдээ “Энэхүү аппликэшнийг суулгаснаар ухаалаг утсыг ашиглан өөрт хэрэгтэй, хамгийн ойр буй эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой. Бид тус аппликэшнийг сүүлийн жил гаруйн хугацаанд судалж, хөгжүүлсний эцэст бэлэн боллоо. Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг манай аппликэшнд нэгдээд байгаа бөгөөд дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн 90 гаруй хувийг хувийн эмнэлгүүд эзэлж байна. Тухайлбал улсын 17, хувийн 150 гаруй эмнэлэг байна. Эмч дуудан үйлчилгээ авсан тохиолдолд тус эмнэлгийн үнэ, тарифыг мөрдөх юм” гэдгийг онцоллоо.
Emneleg.mn нь эмнэлэг, эмч дуудах, цахим эмч гэсэн үндсэн гурван цэсээс бүрдэж байна
“Эмнэлэг” цэс:
Өөрийн сонирхож буй эмнэлгийн талаарх мэдээллийг хайх, эсвэл өвчний зовиурын дагуу өөрт ойр эмнэлгээ хайх, тухайн эмнэлгийн танилцуулга, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цагийн хуваарь, эмнэлгийн ойролцоох автобусны буудал зэрэг мэдээллийг багтаасан байдаг аж.
“Эмч дуудах” цэс:
Хэрэглэгчдэд өөрийн оршин суух хаягийн дагуу боломжит цагаа эмчтэйгээ тохирч цагийн болон дусал тариа хийлгэх, эрүүл мэндийн зөвлөгөө авах, анхан шатны үзлэг оношилгоо хийлгэх боломжтой үйлчилгээ юм. Ингэснээр яаралтай тохиолдолд өөрт ойрхон буй эмнэлгээсээ анхан шатны эрүүл мэндийн тусламж авах боломжтой болох юм.
“Цахим эмч” цэс:
Өвдсөн тохиолдолд насанд хүрсэн, хүүхэд, эрэгтэй, эмэгтэй гэсэн 4 хэсгээс сонгож, гарч ирсэн асуултуудад үнэн зөв хариулснаар цаг алдалгүй анхан шатны оношоо тогтоож, мэргэжлийн эмч нарын 147 төрлийн зөвлөгөөнөөс авах боломжтой.
Энэхүү шинэ аппликэшнийг ухаалаг утастай хүн бүр Android болон IOS үйлдлийн системээс үнэгүй татаж авах боломжтой юм.



