

Үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхтэй холбогдуулан нэрсээ өгсөн гишүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас асуулт асуух байсан боловч тэрээр чуулганы хуралдаандаа орж ирээгүй тул тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг долоо хоногийн завсарлагаа авч байна гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бүлэггүй нам яаж завсарлага авч байгаа билээ. Хуулиа баримталж ажиллана шүү. Сайд нь ажлаа хийхгүй гээд явчихлаа. Сайдад хариуцлага тооцдог хуулийн өөрчлөлтийг хиймээр байна, тэгэхгүй бол Засгийн газар УИХ-ынхаа толгой дээр гараад төр барьж тоглож болохгүй. Тиймээс сайд нь өөрөө асуудлыг хэлэлцүүлээгүй гэдэг горимын саналаар хуулийг нь унагаая. Сайд нь хүндэтгэх шалтгаангүйгээр чуулган хаяж явна гэдэг нь Үндсэн хуулийн зөрчил” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд АН-ын бүлгийн асуудлаар одоогоор надад бичиг ирээгүй байна гэдгийг онцлоод Тамгын газраас уг асуудалд тайлбар өгөхийг хүссэн юм. үүнд Тамгын газраас хариулт өгөхдөө “Одоогоор АН-ын бүлгээс албан бичиг УИХ-ын даргад ирүүлээгүй байгаа учраас завсарлага авах бүрэн эрх нь хадгалагдаж байгаа” гэсэн юм.



