
Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсаас Швед улсад суух Элчин сайдаар томилогдон, Ерөнхийлөгчөөс жуух бичгээ гардан мордож байсан Очирын Энхцэцэг чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ.
Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар эх орондоо буцаж ирэх шаардлагатай болсон тухай өргөдлөө энэ сарын 9-нд ирүүлсэн гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тайлбар хийсэн юм.
Элчин сайдаар томилогдоод удаагүй ч гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь багагүй хардлага дагуулж байгаа юм.
Учир нь, Элчин сайд О.Энхцэцэг нь гэр бүл болон үйлчлэгчийнхээ Швед улсад оршин суух эрхийг хүсэхдээ жуулчны ангиллын визээр авчран суурьшуулсан нь тухайн улсын хууль, дипломат ёсыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс Швед улс түүнийг гэр бүлийнхээ хамтаар яаралтай явахыг шаардсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байгаатай ч холбоотой байж болох юм.



