Засгийн газрын хуралдаанаар нүүрсний тээвэрт шинэ зохицуулалт оруулав

Засгийн газрын хурал өнөөдөр 8:00 цагт эхэлж 20 гаруй асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Хамгийн эхэлж нүүрсний тээврийн асуудлыг хэлэлцэн Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын тээврийг цуцалж, урт богино гэсэн хоёр рейстэй болгох шийдвэр гаргажээ.
Нүүрс тээврийн жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцна. Ингэснээр жолооч нар хилээр гарах гэж олон хоног зогсох шаардлагагүй болно гэж үзжээ. Ерөнхий сайд нүүрс тээврийн 160 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилж байна.
Мөн ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгч, 2,500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо.
Засгийн газрын хуралдаанаар баруун аймгуудад учирсан гамшгийн хохиролд хөрөнгө гаргах тухай, Оюутолгойн цахилгаан хангамжийн асуудлуудыг хэлэлцэнэ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



