Нүүрс тээвэрлэгчдэд анхаарал хандуулахыг шаардав
Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран өнөөдөр буюу энэ сарын 27-нд мэдээлэл хийлээ.
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэж байна. Хятадын талаас нүүрс татан авалтаа эрчимжүүлсэн байгаа боловч өмнөхөөс дээрдээгүй урт цуваа үргэлжилж байна. Үүнээс болж, жолооч нар хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэлт хийж, тодорхой хэсэг нь архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдах гэх мэт золгүй тохиолдлууд гарах болсон талаар ар гэрийнхний зүгээс мэдээлж байна.
Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс 500 жолоочтой биечлэн уулзаж, нөхцөл байдлын судалгаа хийжээ. Энэхүү судалгаагаар Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар архины хамааралтай болж, сэтгэл гутралд орж, амь насаа алдаж, ар гэр нь хүнд стресст орж байна. Мөнгө төгрөг олохоосоо илүү их хохирлыг тэр хүмүүс амсаж байна. Энэ бол зөвхөн 13,000 жолоочийн асуудал биш, түүний цаана 40-50 мянган хүний асуудал. Жолооч нар аюултай нөхцөлд ажиллаж байна гэсэн дээрх нийгэмлэгээс судалгааны дүгнэлт гаргажээ.
Иймээс Засгийн газарт хандан шаардлага хүргүүлж байгаа аж. Засгийн газар дээрх шаардлагыг хүлээн авч, 13,000 жолоочид анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалахгүй бол төрийн бус байгууллагууд суулт хийж, өлсгөлөн зарлана гэв.