Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцов
Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.
2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм.
Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн ангилалд:
•Монгол Улсаас 22,
•ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас 3,
•Бүгд Найрамдах Халимаг улсаас 2,
•БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20,
•Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээж:
“Уран бичээчид ээ,
Бичиг соёлоо дээдлэгч эрхэм Монголчууд аа,
Эзэн богдын мэлмий гийсэн өдөр-Монгол бахархлын өдрөөр уламжлал болон төлөвшиж буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Энэ удаагийн “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас 22, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас 3, Бүгд Найрамдах Халимаг Улсаас 2, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20, Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна.
Их Монголын үр сад, Монгол тулгатнууд оюун сэтгэлгээгээрээ нэгдмэл байхын үндэс болсон монгол бичгийг урлаг болгон хөгжүүлэн, өв уламжлалаа бадрааж, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа монгол, өвөр монгол, буриад, халимаг зэрэг монгол туургатны уран бичээчдэд баяр хүргэхийн ялдамд уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.
Монголчууд Хүннү гүрнээс хойшхи бүхий л түүхийнхээ туршид 10 гаран бичиг хэрэглэж ирсний дотроос хамгийн урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг нь монгол бичиг юм. Хэдийгээр эртний согд бичгээс эх авч зохиогдсон ч энэ бол бүрэн монголжсон, монгол ахуй, сэтгэлгээг нэвт шингээсэн монгол соёл мөн.
Монгол бичгийн элементүүдийг мал амьтны бие эрхтний нэрсээр-шүд, гэдэс, нуруу, сүүл, эвэр, шилбэ гэх зэргээр нэрлэдэг нь малч монгол ахуй, уламжлалтай шууд холбоотойг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ. Монгол бичиг нь хөгжлийн явцад 1204 оноос худам монгол, 1648 оноос тод монгол гэсэн хоёр хэлбэрийг үүсгэсэн байдаг. Өнөөгийн бид бол худам монгол бичгийн өв уламжлал, соёлыг үргэлжлүүлэн дэвжээж яваа юм.
Монгол бичгийг орчин цагийн хэрэглээнд идэвхтэй байлгахын тулд миний бие 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг /зарлиг унших бол энд дарна уу/ гаргасан.
Энэхүү зарлигт монгол бичгийн цахим кодын асуудлыг шуурхай шийдвэрлэж батлуулах, монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, элсэлтийн шалгалтад заавал авч буй монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох, монгол бичгийн улсын сорилгыг албан ёсоор зохион байгуулах зэрэг асуудлаар зарим байгууллагуудад үүрэг чиглэл өгч, олон нийтэд уриалсан билээ.
Монгол үндэстний ижилсэл, ялгарал, уг мөн чанар нь өв уламжлал, хэл соёлдоо л буй. Тийм учраас түүх соёлоо үеэс үед дамжуулах үндсэн хэрэгсэл, тээгч болсон үндэсний хэл бичгээ судлах, дэлгэрүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь монгол хүн бүрийн үүрэг байх ёстой.
Тэнгэр газрыг холбосон босоо монгол бичгээрээ өв соёлоо дархлан бэхжүүлж байгаа уран бичээчиддээ дахин талархал дэвшүүлье. Та бүхний монгол соёлоо дээдлэх эрхэм сэтгэл, буянт сайн үйлс цаг үргэлжид дэлгэрч байх болтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор, монгол түмний далай их сэтгэл, эрдэм ухааны шимээр Үндэсний бичиг маань өнөд мөнх орших болтугай” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг хоёр бүтээлийн эздэд шагнал гардуулж, баяр хүргэлээ.
Энэ жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнгийн:
1.Шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Каллиграфийн их мастер Тогообатын Жамсрансүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографийн шилдэг бүтээл хүртлээ. Түүний “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээл нь зургаа дахь жилдээ “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байгаа юм.
2.Тусгай шагналыг Өвөр Монголын Өөртөө Засах Орноос оролцсон С.Цэнгэлийн монгол бичиг, тод, вагиндра үсэг гэсэн монголчуудын түүхэндээ зохион хэрэглэж ирсэн гурван бичиг үсгээр туурвисан “Билэг барамид” бүтээл хүртлээ.
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд оролцож буй Өвөр Монголын Өөртөө Засах Орны уран бүтээлчид Монголын нууц товчоог монгол уран бичлэгээр 49 хуйлан дээр бүрэн бичсэн агар зандан авдартай эхийг гардуулсан юм. Энэхүү үзэсгэлэн 2018 оны арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд Уран зургийн галерейд үнэ төлбөргүй гарна.