Эрүүл мэндFocus

Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх  Дэлхийн долоо хоног эхэллээ

“Бичил биетний тэсвэржилт (ББТ)-ийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах” зорилготой 7 долоо хоногийн аяныг дэлхий даяар 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд өрнүүлж байна. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон Мал Эмнэлгийн Ерөнхий Газар хамтран сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэхүү долоо хоног нь  дэлхийн бүх хүмүүст тулгамдаад буй ноцтой аюул болох Бичил биетний тэсвэржилт, түүний сөрөг үр дагаврын тухайд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой ба энэ жилийн аяныг “Мэдлэг олгоё, түгээе, хэрэгжүүлье” уриан дор зохион байгуулж байна.

“Мэдлэг олгоё, түгээе, хэрэгжүүлье” уриаг олон улсын цахим судалгаанд оролцсон 200 гаруй мэргэжилтний саналд үндэслэн тодорхойлсон бөгөөд хүн, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны салбаруудын хамтын ажиллагаа Бичил биетний тэсвэржилтийн эсрэг тэмцэлд чухал үүрэгтэй болохыг онцолж байна.

Бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг нь бичил биетний эсрэг эмд тэсвэртэй болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлдэг. Үүний улмаас халдварт өвчнийг эмчлэхэд хүндрэлтэй, зарим тохиолдолд боломжгүй болохоос гадна өвчин тархах, хүндрэх, нас барах эрсдэл нэмэгддэг.

Орчин үеийн анагаах ухааны ололт амжилт ч энэ асуудлын өмнө хүчин мөхөсдөж, эрхтэн шилжүүлэн суулгах, хорт хавдрын эсрэг эмчилгээний үр дүнг багасгах зэрэг эрсдэл, аюул дагуулж байгаа юм.

Хүн төрөлхтний түүхийн сүүлийн 100 гаруй жилийн хугацааны шинжлэх ухааны судалгаа, нотолгооны үр дүнд бүрэлдэн тогтсон “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал нь байгаль орчны тэнцвэртэй байдал, хүн, мал, амьтны эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой, харилцан хамааралтай болох тухай зарчимд нэгддэг.

Бичил биетний тэсвэржилтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга зам бол “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал юм. Мал аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх, халдваргүйжүүлэлт, ариутгалыг сайжруулах, вакцинжуулалтыг дэмжих нь мал, тэжээвэр амьтны удмын сан, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ бичил биетний эсрэг эмийн хэт их хэрэглээг бууруулахад чухал нөлөөтэй. 

Салбар хоорондын хамтын ажиллагаа, нэгдсэн стратеги бодлого, төр засгийн дэмжлэг ББТтэй тэмцэх, сэргийлэх хамгийн чухал арга зам юм. Уур амьсгалын өөрчлөлт нь ББТ-ийг улам бүр өдөөж нэмэгдүүлэх нь тодорхой болж байгаа учраас байгаль орчны салбар зүй ёсоор хамтрах шаардлагатай байгаа учраас Нэг-Эрүүл мэнд үзэл баримтлалд байгаль орчны байгууллагууд нэгдэж байна.

Энэхүү үзэл баримтлал нь салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах зэрэгт чиглэж байна.

 Онцлох тоо баримтууд

  • 2019 оны байдлаар дэлхий дахинаа таван сая гаруй хүн тэсвэржсэн нянгийн халдварын шалтгаантай холбоотойгоор амь насаа алдсан, үүнээс 1.3 сая нь шууд тэсвэржсэн нянгийн халдвараас шалтгаалан нас баржээ. 
  • Энэ тоо 2050 онд 10 саяд хүрнэ, түүнээс 4,8 сая нь Ази тивд байна гэсэн судалгаа гарсан байна.ББТ-ээс шалтгаалан 2050 он гэхэд дэлхийн ДНБ 3.8  хувиар буурч болзошгүй.
  • Нэг шинэ нянгийн эсрэг эм /антибиотик/ нээж гаргахад 10-15 жил, нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулдаг.

Бичил биетний тэсвэржилтийг бууруулахын тулд олон нийт, Засгийн газар, хувийн хэвшил, судалгаа, эрдэм шинжилгээний салбар, иргэний нийгмийн байгууллага болон хувь хүмүүс зөв мэдлэг хандлагатайгаар хамтран ажиллах шаардлагатай байна.

Бидний өнөөдөр хийх алхам нь ирээдүйн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй гэдгийг энэ үеэр онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close