НийгэмFocus

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх нь нэмэгджээ

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, амьжиргааны дэмжлэг, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх болон урьдчилан сэргийлэх, хамтарсан багийг чадавхжуулах чиглэлтэй түр хамгаалах байрыг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар орон нутагт таван газар байгуулсны нэг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрладаг.

Тухайн орон нутаг нь олон улсын чанартай зам дамжин өнгөрдөг, хилийн бүс бөгөөд үүнийг дагасан хөдөлгөөн ихтэй зэрэг нь хүүхэд хамгаалалд онцгой анхаарах шаардлага бий болгодог байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар түр хамгаалах байр хүчирхийлэлд өртсөн 70 хүн хүлээн авч үйлчилгээ үзүүлсний 10 нь насан хүрэгч бол 60 нь хүүхэд тэр тусмаа үл хайхрах хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхэд байжээ.

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга П.Оюун “Статистик мэдээллээс харахад сүүлийн гурван жилд хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд ирэх дуудлага нэмэгдсэн. Энэ хэмжээгээр гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол өсөх хандлага байна. Энэ нь нөгөө талаар иргэд хүчирхийллийг үл тэвчих буюу илрүүлэх, мэдээлэх үүргээ ойлгож биелүүлдэг болсонтой холбоотой. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг иргэдийн дунд удаа дараа хийсний нэг үр дүн гэж хэлж болно.

Иргэд хил давж арилжаа наймаа хийж амьдралаа залгуулах, намрын цагт олон хоногоор самарт явах эсвэл ахуйн архидалт их байгаагаас хүүхдийн үл хайхрах хүчирхийллийн тоо нэмэгддэг. Түр хамгаалах байр сэтгэл зүйчээс гадна өмгөөлөгчтэй гэрээтэй ажиллаж эрх зүйн туслалцаа авч, өрхийн ЭМТ-тэй хамтарч үйлчлүүлэгчдэдээ эрүүл мэндийн тусламж үзүүлдэг” гэж танилцууллаа.  

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр анх Алтанбулаг суманд зуны байшинд дөрвөн хүүхэд хүлээн авах боломжтойгоор байгуулагдаж байсан аж. Харин АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд өнөөгийн байршилд шилжүүлэн олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, хүний нөөц, дэд бүтцийг асуудлыг бүрэн шийдвэрлэж өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад оруулжээ.

Ажилтнуудын цалин хангамж болон байгууллагын бүх урсгал зардлыг орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр тус төвийн ажилтнууд зуны байранд ажиллаж, үйлчлүүлэгчдийнхээ хоол, ундыг бэлтгэх, ус зөөх, түлээ хагалах зэрэгт гаргадаг байсан цаг хугацаагаа хүчирхийллийг даван туулагчидтайгаа ажиллахад бүрэн зориулдаг болсон гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Анхтуяа ярьсан.

Хүчирхийллийг бууруулахад, урьдчилан сэргийлэхэд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлж, хүчирхийлэл үйлдэгдэж буй суурь шалтгааныг арилгах нь чухал гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт 10 эмэгтэйг чадавхжуулах хөтөлбөрт хамруулж ур чадвар олгосноор гэр бүл дэх зөрчил багасаж, өрхийн орлого нь нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарсан гэдгийг АХБ-ны ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа онцолсон юм.

АХБ-ны буцалтгүй тусламж буюу Японы сангийн 4.0 сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төсөл нь Сэлэнгэ аймгаас гадна дөрвөн орон нутагт амжилттай хэрэгжсэн. Төслийн хөрөнгө оруулагч болон хэрэгжүүлэгч байгууллагууд цаашид гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлд онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close