Цоохор ирвэсийн судалгаа, хамгааллын асуудлаар ярилцав

Ирвэс Хамгаалах Сан (ИХС), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) хамтран “Цоохор ирвэсийн судалгаа, хамгааллын үндэсний чуулган 2025”-ыг зохион байгууллаа. Чуулганаар цоохор ирвэсийн амьдрах орчинд тулгамдаж буй өнөөгийн асуудлууд, цаашдын хамгааллын боломжуудын талаар ярилцав.

Чуулганд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, аймгуудын байгаль орчны газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, аялал жуулчлалын салбар, эрдэмтэн судлаачид, ОУИХС, байгаль хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөлөл, IUCN-ийн мэргэжилтнүүд оролцсон юм.

Энэхүү чуулганыг зохион байгуулсанаар Монгол орны цоохор ирвэсийн популяцийн хэмжээ, хамгааллын чиг хандлагын талаар мэдээллээр хангах, хамгаалалтын стратегийг сайжруулахад чиглэсэн салбар хуралдаануудаар дамжуулан оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цоохор ирвэс хамгаалах үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээллээр хангах, нэгтгэх боломжууд нэмэгдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Ингэснээр Цоохор ирвэсийн IUCN-ийн Улаан жагсаалт болон Ногоон статусын үнэлгээг дэмжих талуудын мэдээллийг нэгтгэж, Цоохор ирвэс хамгаалах үндэсний төлөвлөгөөнд шугаман дэд бүтцийн төлөвлөлт болон аялал жуулчлалын менежментийг уялдуулж, Монгол орны цоохор ирвэс хамгаалах үндэсний сүлжээг бий болгох аж.












