
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-тэй боллоо. Байнгын ашиглалтад авах улсын комисс ажиллан үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар боллоо.
Орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр “Их цэнхэр” ХХК гадна фасад засвар, явган хүний зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг дотор иж бүрэн засвар тохижилтыг чанарын өндөр түвшинд хийж энэ сарын 2-нд улсын комисст хүлээлгэн өглөө. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Даланзадгад ДЦС ТӨХК, Архив, Авто тээврийн төв, Татварын хэлтэс, Гүний ус ХХК, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК гэх мэт 15 байгууллага нэг дор төвлөрч төрийн үйлчилгээг нэг дороос иргэдэд түргэн шуурхай үзүүлэхээс гадна 2 давхарт төрөлжсөн барааны худалдааны төв ажиллах юм. Энэ сарын 10 гэхэд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаа бүрэн жигдэрнэ.
Мөн энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчинг бүрдүүлэхээр зорьж байгаа аж. Тухайлбал налуу шат, 2 давхарт гарах өргөгч зэргийг хийж байгаа юм байна.



