FocusЭдийн засаг

Мөнгөний бодлогын мэдэгдэл: Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдөр ээлжит бусаар хуралдсан байна. Хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн, 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ. 6 дугаар сарын 13-ны өдөр тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг 50:50 хувь болгосон юм. 

Харин 03.07-ны өдөр тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоосон юм.

Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзлээ.

Нөгөөтээгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна.

Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй гэж МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО шийджээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close