Вү Тонгхуа: Бид зохиомол аргаар цөлжилтийг сааруулах туршлагатай болсон

Шинжлэх Ухааны Академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ талаар БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Баруун хойд Эко орчин, нөөцийн хүрээлэнгийн доктор Тонгхуа Вү мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Энэхүү хурал нь эрдэм шинжилгээний томоохон хурал юм. Хуралд орчны шинжлэх ухааны олон мэргэжилтнүүд оролцож, туршлага солилцож байна. Өнөөдөр бид монгол орны мөнх цэвдгийн өөрчлөлт, монгол орны цөлжилт, газрын доройтлын асуудал, ялангуяа байгаль орчны өөрчлөлт монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа. Хятад улсын хувьд баруун хойд нутагт цөлжилттэй тэмцэх талаар багагүй туршлагатай.
Манай хоёр улс байгаль орчны хувьд адилхан асуудалтай тулгарч буй бөгөөд зарим сайн туршлагыг бие биетэйгээ хуваалцан, эрдэм шинжилгээний туршлага солилцож, судалгааны түвшинг ахиулах боломжтой гэж бодож байна. Цөлжилтийн тухайд Хятад улс мод, зүлэг тарьж, ургамлыг нөхөн сэргээж байна. Мөн бид цөлжилтийг сааруулахын тулд зарим зохиомол арга ашиглаж буй нь үр дүнтэй туршлага бий болгож байна.
Манай хоёр улс харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцах боломжтой гэж үзэж байна.



