Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ДЦС 3-ын өргөтгөл барих асуудлаар ОХУ-ыг зорино

Энэ сарын 14-нд “ДЦС -IV ТӨХК”-д гэмтэл гарч, тэг зогсолт хийсэн. Шуурхай ажилласны үр дүнд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг тодорхой хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн билээ.
ДЦС-IV ТӨХК-д гарсан гэмтлийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар хийхдээ “ ДЦС-IV тэг зогссон. Улмаар бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ. Тиймээс манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” гэв.
Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 МВт хүрчээ. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал гэхэд л 1081 МВт байсан аж.
2018-2019 оны өвлийн бэлтгэл хангах болон нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ДЦС-3” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зарим цэг дээр ажилласан бөгөөд нийт 1938 ажил хийхээр төлөвлөснөөс 1556 ажил бүрэн хийгдэж, нийт гүйцэтгэл 80,3%-тай байгаа аж. ДЦС 3-ын хувьд 250 мегаваттын өргөтгөл барихаар ТЭЗҮ-гээ гаргаж 93 хувьтайгаар өвлийн бэлтгэлээ хангаад байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн аравдугаар сарын эхээр дээрх өргөтгөлийн асуудлаар ОХУ-ыг зорихоортөлөвлөжээ. Тиймээс хөнгөлөлттэй зээлээр ирэх онд эхлүүлэх хүлээлттэй байгаа аж.



