НЗДТГ

Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral”компанитай хамтрана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор эхний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр болон холбогдох албаныхан оролцсон юм.

Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Трамвайны хоёр шугам, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаад байна.  Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлал дээр бүхий л инженерингийн төлөвлөлтүүдээ хийнэ. Тэр ч утгаараа Их Британийн технологийн компани болох “Skyral” компанитай хамтран Улаанбаатар хотын их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор эхний уулзалтыг зохион байгууллаа” гэв. 

Их өгөгдөлд суурилсан загварчлалаар трамвайны нэгдүгээр шугамын өртөөнүүд хаана байрлавал тухайн орчмоос хамгийн их хүн зорчих, Тойрог хурдны замын трассыг хаагуур татвал түгжрэлийг бууруулахад нөлөөлөл нь өндөр байх зэргийг хүн бүрийн гар утасны хөдөлгөөн, явж байгаа маршрутад  хиймэл оюун ухаан дүгнэлт хийж, хамгийн боломжит загварчлалуудыг гаргаж өгөх юм. Ийнхүү Улаанбаатар хот их өгөгдөлд суурилсан загварчлалууд дээр инженерингийн болон нийтийн тээврийн төлөвлөлтийг хийхээр хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

“Skyral” нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн загварчлалыг бий болгон засгийн газар болон бизнесүүдэд практик, уян хатан, үр ашигтай шийдлүүдийг нэвтрүүлдэг технологийн компани юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close