УИХFocus

“Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөр эхэллээ

Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөр (2024.12.07) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг нийгмийн олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, санал бодлыг нь тусгах чиг үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгээс санаачлан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж байна.

 Сургалтыг нээж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд нээж үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Энэхүү хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Аливаа улс орнуудын Үндсэн хууль бол тухайн төр, иргэн хоёрын хүсэл сонирхлын хамтын илэрхийлэл байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт хүний эрхийн заалтууд бий.  Монгол Улсын өнөө цагийн хөгжилд шинэ цагийн залуучуудын мэдлэг, итгэл, чин сэтгэл, хамтын ажиллагаа жинтэй хувь нэмэр оруулна. Залуучууд та бүхэн бусдын төлөө чин сэтгэлээ зориулж, хүний эрхийн төлөө тэмцэгч байхыг хүсч байна. Энэ удаагийн парламент хүн төвтэй байх эрхэм зорилгыг тодорхойлж, хуулийн тогтолцоог бүхэлд нь шинжлэн судлах ажлыг эхлүүлээд байна. Мөн 2024-2028 оны УИХ-ын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хууль бүрт хүний эрхийг хангуулах талаарх томоохон зорилтыг дэвшүүлж байна гээд сургалтад оролцогчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшилтэй оролцож, хүний эрхийн талаарх мэдлэгээ дээшлүүлэн бусдад нөлөөлөх чадварыг эзэмшихийг хүслээ.

Түүний дараа  Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) дарга, хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид үг хэллээ.

Тэрбээр, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан энэхүү сургалтыг зохион байгуулж буйг онцлоод Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүн төрөлхтний үнэт зүйлийн үзэл баримтлалын талаар танилцуулав.

Мөн Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хангах талаарх хууль эрх зүйн баримт бичгүүдийн тухай талаар мэдээлэл өгөөд хүний эрхийн боловсролыг түмэнд дэлгэрүүлэхэд түүчээ болохыг сургалтад оролцогчдоос хүслээ.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, хүний эрхийн хангах талаарх төрийн бодлогыг дэмжиж хамтран зүтгэх залуучууддаа талархал илэрхийлээд, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Д.Бумдарь сургалтаар заах хичээлүүд болон үр дүнгийн талаар танилцуулсан юм. Тухайлбал хоёр өдөр үргэлжлэх сургалтаар “Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг өдөр тутамдаа ашиглах нь”, “Хууль дээдлэх ёс”, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх” болон “Халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдэвт хичээлийг судлаач, мэргэжилтнүүд заана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close