WorldтехнологиЭдийн засаг

Өгөгдөлд суурилсан бизнесүүд уламжлалт эдийн засгийн бүтцийг эвдэж байна

Технологийн салбарын үсрэнгүй хөгжил, үүнийг дагасан өгөгдөл боловсруулах хүчин чадал нь үндэстэн дамнасан компаниуд төдийгүй улс орнуудад шинэ боломж, эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, АНУ-ын “Гайхамшигт 7” гэж нэрлэгдэх болсон технологийн компаниудын зах зээлийн үнэлгээ 2024 оны хагас жилийн байдлаар 15.4 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь БНХАУ болон Европын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээтэй ойртсон статистик болов.

Дээрх компаниудын нийтлэг онцлог нь технологи болон өгөгдөлд суурилсан бизнес загварыг бий болгож чаджээ. Тус загвар нь уламжлалт эдийн засаг, салбаруудын бүтцийг богино хугацаанд эвдэж, улс орон, компаниудын өрсөлдөх чадварыг өөрчлөх боломжийг олгож байна.

Өгөгдлийг зөвхөн статистик эсвэл мэдээллийн технологи хариуцсан байгууллага, нэгжүүдийн асуудал мэтээр хандах хэвшмэл ойлголт ард хоцорчээ. Нийтийн эсвэл улс орны хэмжээнд анхаарал хандуулж, бодлогын түвшинд шийдвэрлэх цаг ирсэн. Улмаар олон улсын түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор тавьж, хэрэгжүүлж эхлээд байна.

Жишээлбэл, Австралийн Холбооны Улсын Засгийн газраас 2023 оны 12 дугаар сард “Өгөгдөл ба өгөгдлийн цахим Засгийн газрын стратеги”-ийн баримт бичгийг гаргасан. Үүнд дэлхийн стандартад нийцсэн цахим технологи, өгөгдөлд суурилсан төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүддээ хүргэх үүрэг зорилтыг тусгажээ.

Ингэхдээ Австралийн Засгийн газарт буй өгөгдлийг үнэ цэнэтэй хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч, удирдах, өгөгдлийг хадгалах, хамгаалах, ашиглах дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулахад хөрөнгө оруулалт тасралтгүй хийх зэрэг асуудлуудыг оруулж өгсөн.

Улмаар Австралийн төрийн өгөгдлийн катологийг үүсгэх, өгөгдөл солилцоог дэмжих, өгөгдлийн системийг хөгжүүлэх, Засгийн газрын хэмжээнд өгөгдлийн засаглалыг бий болгох зэрэг зорилтуудыг тавьсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close