

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач зээ болох 18 мянга гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговор, харин амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгож нийт 357 иргэнд 3.3 тэрбум орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний буцалтгүй тусламж олгоод байгаа аж.
холбоотой мэдээ: Хилс хэрэгт хэлмэгсдийн ар гэрийнхэнтэй уулзав http://newswall.mn/wp-admin/post-new.php



