ЕрөнхийлөгчБайгаль орчинОнцлох

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо /2024.11.12/ эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дээд түвшний уулзалтад оролцохоор “Баку” цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар угтав.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (COP29)-ын үеэр болж буй дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл явцыг урагшлуулах, талуудын эв нэгдлийг бэхжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгоор хүлээсэн үүрэг амлалтын биелэлтийг түргэтгэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санхүүжилт босгох, түүний дотор хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах санхүүжилтын хамтын шинэ зорилтыг тодорхойлохыг зорьж байна.

СОР29 бага хурлыг даргалагч Бүгд Найрамдах Азербайжан Улс 2025 он гэхэд дасан зохицох санхүүжилтыг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахыг хөгжингүй орнуудад уриалж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, тэсвэртэй байдлыг бий болгох, тогтвортой туршлагыг дэмжих, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close