ВидеоFocus

Гэр бүлийн үнэт зүйл, угийн бичиг хөтлөлт

“Монголчууд эрт дээр үеэс 9 үе дотроо ураг төрлийн хүмүүс хоорондоо сууж, гэр бүл болж үр хүүхэд төрүүлдэггүй уламжлалтай байсан. Учир нь өргөн уудам нутагтай, цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд цус ойртолтын аюулаас сэргийлдэг уламжлалтай холбоотой юм.

Хүн гэдэг эцэг эхээсээ 50/50 хувиар удамшлын мэдээллийг авдаг. Хүн 23 хромсомтой. Эхний 22 хромосомууд нь биеийн үйл ажиллагаатай холбоотой буюу гадаад төрх, биеэ авч явах байдал, оюун ухаан зэргийг хариуцсан генүүдийг өөр дээрээ агуулсан байдаг. Бэлгийн хромосомын хувьд хүйсийн онцлогийг харуулахаас гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог шинж тэмдгүүдийг агуулсан генүүдийг агуулсан бүтэцтэй байдаг.

УИХ-аас 2022 оны эхэнд “Угийн бичгээ хөтөлье. Хэвшье. Үр хүүхдүүддээ өвлүүлье. Тэгээд дараа нь гэр бүл төлөвлөлт, эрүүл зөв амьдрахдаа ашиглая” гэсэн тогтоол шийдвэр гаргасан. Үүний гол санаа нь монгол хүний удмын санг цэвэр ариун байлгах, цус ойртолтын аюулаас хамгаалах явдал юм.

Удмын сан гэдэг нь жишээлбэл, насанд хүрсэн эмэгтэй хүн амьдралынхаа туршид 20 хүүхэд төрүүлэх чадавхтай гэж тооцьё. Тэгвэл тухайн хүн 3 хүүхэд гаргасан бол үндсэндээ 10 гаруй хувиа л ашигласан гэсэн үг. 3 хүүхэд нь өөр өөр цаг хугацаанд бүрэлдэж хүн болж байгаа. Тиймээс 3 өөр хүн. Нэг үгээр хэлэхэд тухайн цаг үед боловсорсон эр бэлгийн эс, өндгөн эс 2-ын хоршил бол дандаа шинэ, шинэлэг хоршлууд байх юм. Үүнээс үүдэлтэйгээр ах дүү нар хоорондоо өөр гардаг.

Тодорхой шинж тэмдгүүдээрээ ч өөр байдаг. Энэ бол удмын санд оруулж байгаа хувь нэмэр гэж үзэж болно. Удмын сан цэвэр ариун байх гол түлхүүр суурь нь эрүүл, зөв амьдарч, ижил ургийн хүмүүс хоорондоо суухгүй, гэр бүл болохгүй, үр үр хүүхэд гаргахгүй байх нь зүйтэй юм” гэдгийг Генетикч, биологич Ц.Туяа онцолж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас гаргасан гэр бүлийн боловсрол олгох цуврал хичээл “Гэр бүлийн үнэт зүйл, угийн бичиг хөтлөлт” сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү.

Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close