НийслэлFocus

“Ирээдүйн хотын иргэд” төслөөр 240 сурагч төрийн байгууллагуудтай танилцав

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгааг хийжээ. Судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулсан бөгөөд 81.1 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмждэг, бидэнд хэрэгцээтэй хэмээн хариулжээ.

Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 3 сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ.

Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 80 сурагч Улаанбаатар хотын зарим байгууллагатай танилцах аялалд оролцоод байна. Сурагчид нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “Уг төсөлд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жишиг сургууль” төслийн хүрээн дэх 8 сургуулийн 5000 орчим хүүхдийг хамруулж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын нутгийн захиргааны болон үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай сурагчдыг танилцуулж, аялуулах, төр нийгмийн зүтгэлтэн, олон нийтэд нөлөөлөгч хүмүүстэй хийх уулзалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулна. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой” гэлээ.

Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат болох юм. Мөн ирэх даваа гарагаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close