Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй болон мөн нэг компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй өрийн хэрэгсэл, хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг тус, тус бүртгэхээр мөн хоёр компанид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор боллоо.
Түүнчлэн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх болон банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр гурван компанийг бүртгэхээр шийдвэрлэв.
Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд олгохоор, гурван компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсний сацуу нэр бүхий зургаан компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн юм.
Харин “Рендер трейд” ХХК, “Бонсэ зуучлал” ХХК, “Рүүтс проперти инвестмент” ХХК, “Кортеси монгол” ХХК, “Эйшн бюлдинг” ХХК, “Интакт проперти” ХХК, “Ерөөлийн үр” ХХК, “Эн Би Жи Эс дижитал саплай” ХХК, “Анга пропертийз” ХХК, “Анд ноёд проперти” ХХК, “Арвижих зууч” ХХК, “Старк рейл эйжинси” ХХК зэрэг нийт 12 хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуралдаанаар шийдвэрлэлээ.